УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа. Тэрбээр өнгөрсөн сард Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзаж, өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа 2006 онд Малайзад бусдын гарт амь насаа алдсан Ш.Алтантуяа агсны хэргийг үнэн зөв, шуурхай шийдвэрлэх талаар Малайзын парламенттай хамтран ажиллах санал тавьж байв. Тэрбээр уулзалтын үеэр “Малайзын парламентаас мөрдөн шалгах тусгай хороо томилон ажиллуулах, эсвэл манай парламенттай хамтарсан ажлын хэсэг байгуулах санал тавьсныг хүлээж авсан. “Шинэ Засгийн газар хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ ээдрээтэй хэрэг тул тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой” гэж байсан. УИХ бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн Монгол Улсын иргэн болон түүний аав ээж, үр хүүхэд, хохирогчдын эрх ашгийг хамгаалахыг үүргээ гэж үзэж буй учир ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна” хэмээжээ. Харин иргэн С.Шаарийбуу хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, түүнд талархал илэрхийлсэн бөгөөд хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэсэн өмгөөлөгч, хуульчдын санал дүгнэлтийг УИХ-аас байгуулах ажлын хэсгийн шийдвэрт тусгах нь чухал гэсэн байр суурийг илэрхийллээ.
Засгийн газрын мэдээ