Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа.
Энэ үеэрээ Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв.
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: 
 
“Эрхэм генерал, офицерууд аа!
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтад оролцож байгаа та бүгдийн амрыг эрье.
Монгол Улсын төрөөс үндэсний язгуур ашиг сонирхол, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын шинэ орчин, цэргийн урлагт гарч буй зарчмын шинжтэй өөрчлөлт, дэлхийн улс орнуудад өрнөж буй цэргийн шинэчлэлийн чиг хандлагад нийцүүлэн батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.
Энэ бодлогын хамгийн гол хэсэг болж буй Зэвсэгт хүчний байгуулалт нь Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах цогц бодлогод чухал ач холбогдолтой.
 
 
Зэвсэгт хүчин нь гадны цэргийн аюул, заналхийлэл бий болсон нөхцөлд түрэмгийллийг саатуулах, няцаах, улс орны удирдлагад улс төр, дипломатын идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, дэг журмыг сахиулах, онцгой нөхцөл байдлыг зохицуулах үндсэн хүч болох ёстой юм.  
 
Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил дахь Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлж Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн 17,5 км -ийн хүнд даацын авто замыг барих ажил, Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжсэн “Шинэ сум” төсөл, Тавантолгой Зүүнбаян чиглэлийн 416,2 км төмөр замын суурь , далангийн ажил, гүүр, хоолой, өртөө, зөрлөгийн барилгын ажил, цэргийн болон иргэний зориулалттай барилга байгууламж, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн, Олон улсын цэргийн наадмын хүрээнд явагдаж байгаа уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн, “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн оронд зохион байгуулах болсон зэрэг нь Зэвсэгт хүчний нэр хүндийг өргөж, ард иргэдийн итгэл үнэмшлийг бататгаж байна.
  Зэвсэглэл, цэргийн техникийн бэлэн байдлыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцуулах, цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу өмсөх, ёслож хүндлэх журмыг хэвшүүлэх, цэргийн алба хаагчдын ёс зүй, хувийн соёлыг дээшлүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх, нэгтгэл, анги, салбарт дотоод албыг хэвшүүлэх, сахилга, дэг журам, албаны хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх замаар цэргийн албаны нэр хүндийг өсгөх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
 
 
 
Миний бие Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх стратеги, зорилго, зорилтыг шинэчлэн тодорхойлж байгаа, стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүд батлагдаж, тэдгээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байгаа, бүтээн байгуулалт дахь Зэвсэгт хүчний оролцоо өргөжсөн, эх орныхоо тусгаар тогтнол , бүрэн эрхт байдлыг дархалсан Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн арга хэмжээ, даян дэлхийд түүхээрээ алдаршсан Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний босгон дээр Та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна.
 
Та бүхний ажилд амжилт хүсье.
Монгол цэргийн сүлд хийморь мандан бадрах болтугай.
Баярлалаа” гэлээ.
 
Энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагнав 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга мөн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, ОХУ-д болсон Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүнд салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.
 
 
 
Энхийг сахиулагчдыг Монгол Улсын Төрийн одон, медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулснаар ёслолын ажиллагаа эхлэв.
 
 
 
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: 
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын ротын Арваннэгдүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн,
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд, Америкийн Нэгдсэн Улсын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын ротын Аравдугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг тус тус төрийн одон, медалиар шагналаа.
 
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 
Зэвсэгт хүчний 330 дугаар анги, захирагчийн орлогч, дэд хурандаа Норовын Бат-Эрдэнэ,
БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа Чулуунборын Гандирваа нарыг,
 
Цэргийн гавьяаны одонгоор 
Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын ажиллагааны удирдлагын тасгийн ажиллагааны удирдлагын офицер, дэд хурандаа Одсүрэнгийн Батзаяа,
 
ЦТЭ-ийн Захиргаа, зохион байгуулалтын асуудал эрхэлсэн орлогч дарга, хурандаа Данзан-Очирийн Ганболд,
Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн мэргэжилтэн, ахлах ахлагч Тогоогийн Ганцэцэг,
Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Лувсаншаравын Дагвасүрэн,
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хүний нөөцийн тасгийн хүний нөөцийн офицер, дэд хурандаа Эрдэнэдаваагийн Мягмардаваа,
Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Пүрэвжавын Намжилдорж нарыг
 
Цэргийн хүндэт медалиар   
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тасгийн захирагч, ахлах жолооч, ахлах ахлагч Хөхөөгийн Ганзориг,
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, ахлах ахлагч Жумдааны Түмэн-Орших,
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч Чулуунбатын Ариунболд,
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тактикийн бэлтгэлийн сургагч, ахмад Равжаагийн Баттүвшин,
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Довчингийн Баяртогтох,
Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн удирдлагын байрын дарга, тасгийн захирагч  ахлах ахлагч Балжиннямын Баярцогт,
Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн радио холбооны аюулгүй байдлын мэргэжилтэн, ахлах ахлагч Лхасүрэнгийн Лхамдулам,
ЦТЭ-ийн яаралтай тусламж, мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний клиникийн их эмч, хошууч Содномын Нэргүй нарыг тус тус шагналаа.
 
 
Ёслолын үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Л.Болд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 
 
Мөн энэ үеэр  Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын командын байрууд, зэвсэгт хүчний алба хаагчдын бүтээсэн зэвсэглэл, техникийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулгад танилцуулсан юм.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан