Хүн төрөлхтөн урц, овоохойд аж төрөн, хэтээр гал ноцоож их түүхийн жимийг эхлүүлсэн. Байгаль, цаг уурын шалгуурыг давж, олон мянган жилийг элээхдээ улам бүр хөгжсөөр технологид суурилсан амьдралын хэв маяг бүхий соёлт ертөнцийг бүтээжээ.
Өдгөө дэлхийн хүн амын ихэнх нь тэнгэр баганадсан шилэн барилга бүхий хотод, хоногийн аль ч үед бужигнаж, цаг хугацааг үл харгалзан сурч хөгжиж байна. Тийм ч учраас эрчим хүчний түгээлт, тасралтгүй үйл ажиллагаа хүн бүрийн амьдралд нэн чухал үүрэгтэй. Ердөө нэг цаг тог тасрахад хэчнээн ажил цалгардаж, түүнээс ч олон хүн бухимдахыг таашгүй.
Иймд энэ удаагийн дугаартаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн тоолуурын заалт тэмдэглэгчийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа. Гэрлийн байцаагч нэрээр бидэнд хэзээний танил болсон энэхүү ажил нь айл өрх бүрийн хойморт гэрэл тодорч, Улаанбаатар хот дэлхийн хөгжилтэй хөл зэрэгцэн алхаж буйгаа илтгэх шиг өнгө зүсээ гайхуулан гялалзахад ихээхэн үүрэгтэй билээ.
09:00 цаг Манай улсын хүн амын 50 орчим хувийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байгууллага бол “УБЦТС” ТӨК. Тодруулбал, нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдэд амьдрах таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө тасралтгүй ажиллаж буй. Тус хамт олон ойрын үед тун ч ачаалалтай байгаа юм. Учир нь, Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 1-нээс айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг төр хариуцахаар шийдвэрлэсэн нь багагүй хүндрэл үүсгэсээр.
Цахилгаанчдын ажил үүрэгтэй “Жоби” худалдааны төвийн баруун талд байрлах УБЦТС-ний хангах үйлчилгээний томоохон салбар болох “Сүхбаатар” хэрэглэгчдэд үйлчлэх төвийг зорилоо. Ажил цуглаж, жигдэртлээ удах биз гэж бодон товлосон цагаас ялимгүй хоцорч очсон нь буруудав бололтой. Авто зогсоол нь битүү, гадна талбайд харуулын ажилтнаас өөр хүнгүй байх нь ажил эхэлснийг илтгэх шиг. Зэргэлдээ шар байруудын хаягийг хэдэнтээ уншиж, “Борлуулалтын хэсэг” гэсэн хаягтай хаалгаар орвол угтах ажилтан асуумж авч, халуун хэмжиж нэвтрүүлэв.
Гуравдугаар давхарт гарахад иж бүрэн хувцаслаж, ажилдаа гарахад бэлтгэсэн залуус аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, багаж төхөөрөмжөө шалгуулж байв. “Ковид-19” вирусээс урьдчилан сэргийлэх дэглэмийн дагуу нэг сандал алгасан суужээ. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа тул ажлын хэрэглэгдэхүүнээс гадна хамгаалах хувцас хэрэгсэл шалгаж байгаа аж.
Хүн бүрийн урд нэрийг нь үл мэдэх багажууд, нэг удаагийн бээлий, гар ариутгагч харагдана.Ширээ тойрон суусан хүмүүсийн хамгийн наад захад сууж, өдөр бүр сонсдог зааварчилгааг нухацтай гэгч сонсож суугаа эрийг Бадарчийн Алтангэрэл гэдэг.
Тэрбээр тоолуурын заалт тэмдэглэгч хэмээх хариуцлагатай алба хашдаг. Бидний нэрлэж заншсанаар гэрлийн байцаагч. Энэхүү зааварчилгааг 20 орчим жил дагаж, мөрдөж буй ч мэдэх юм чинь гэж үл тоомсорлосонгүйг нь харахад ажилдаа хариуцлагатай, чамбай нэгэн болох нь илт. Өнөөдөр бид түүний болоод мянга мянга цахилгаанчдын ажлын сонин хачинтай танилцах юм. Зааварчилгаа дуусахад ажилтнууд команд авсан мэт зэрэг босож танхимаас гарахад, дараагийн ээлж зөрөн орлоо. Ерөөс зохион байгуулалт, хамт олны соёл өндөртэй газар болох нь мэдэгдэм.
Энэ талаар Б.Алтангэрэл “Манайхыг хуучин цагт хагас цэрэгжилттэй газар гэж хүмүүс ярьдаг байлаа. Тог, цахилгаантай харьцана гэдэг амь, эрүүл мэндтэй дүйсэн ажил тул дээд зэргээр хариуцлага, болгоомжтой байх хэрэгтэй. Салан задгай байж огт болохгүй. Тийм болохоор бидний ажил үүргийн хуваарь, удирдлагын тогтолцоо тун нарийн” гэлээ. Ийн зааварчилгаа авч, гарын үсгээ зурсны дараа үүрэгт ажлаа гүйцэтгэхээр Бэлхийн зуслан чигт хөдөллөө.
11:00 цаг Хөл хорионы өмнөх өдөр болоод ч тэр үү ачаалал ихтэй байсан авто замын хөдөлгөөн Дамбадаржаагийн уулзвараас сийрэгжэв. Хотын төвөөс холдох тусам агаар цэнгэгшиж, тэнгэрт хөшиглөсөн манангийн цаахантаа модод сүүмэлзэнэ. Зам дагуух гудамж, хүнсний дэлгүүр орчимд овоо хэд хоногийн хүнсээ базаагаад харьж яваа нэгэн, түнтгэр тортойгоо дааж ядан алхана. Харин мянга мянган цахилгаанчид иргэдийн ая тухтай амрах, халуун ам бүлээрээ баярын ширээ тойрон суух боломжийг бүрдүүлэхээр цаг нар, цар тахлын тархалтыг үл ажран зүтгэж байна.
Хүрэх газар зайтай тул түүний ажил мэргэжлийн талаар хөөрөлдөв. “Сүхбаатар” салбарт 13 тоолуурын заалт тэмдэглэгчтэй бөгөөд хамгийн ахмад нь Б.Алтангэрэл. Тэрбээр 2004 оноос хойш энэ салбарт тасралтгүй ажиллаж байгаа гэнэ “Өмнө нь, гэрлийн байцаагч гэж нэрлэдэг байхад бичилтээ хийнэ, засвар үйлчилгээ үзүүлэхээс гадна айл өрхөөр явж орлого бүрдүүлэх, түр түдгэлзүүлэх зэрэг асуудлыг дангаар хариуцдаг байсан.
Сүүлд ажлын чиг үүргийг шинэчилж, гурав хуваасан. Ингэснээр бид зөвхөн тоолуурын заалтыг шалгаж, хэдэн КВ хэрэглэснийг тэмдэглэнэ. Мөн янз бүрийн гэмтлийг мэдээлэх үүрэгтэй. Бичигдсэн төлбөрийг Авлагын хэсэг хариуцаж, орлого бүрдүүлнэ. Харин Техник үйлчилгээний хэсгийн монтёрууд цахилгаан залгах, салгах, гэмтлийн дуудлагыг хариуцна” хэмээн ажил үүргийнхээ тухай товч тодорхой тайлбарлав. Нэг хүн ойролцоогоор 10 гаруй мянган айл өрх хариуцан ажилладаг.
Нэг сард зургаан цикл буюу тав таван хоногоор төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэлээ үнэлэх зарчмаар ажилладаг байна. Энэ удаа сарын сүүл учраас зуслангийн бүсэд ажиллах аж. Уулсын оройгоор битүү манан татсан газар ирсэн нь Бэлхийн ам байв. Бид ойролцоох худалдааны төвийн үүдэнд машинаа байршуулж, цас хунгарласан гудамж руу алхлаа. Б.Алтангэрэл “Өнөөдөр энэ хэсгийн тоолуурыг бичиж дуусгана. 380кв-ын тогтой 30 орчим сууц бий.
100 гаруй айл өрхийг цахилгаанаар хангадаг нэг станц бий. Энэ хавийн ихэнх айл төв орж өвөлждөг болохоор эзэнгүй байх нь элбэг” хэмээн гараараа тэртээг заан ярилаа. -20 орчим хэмийн хүйтэнд уулын ам хүртэл алхах нь ээ гэж бодох төдийд даарах шиг. Хамгийн эхний гудамж руу ормогц тогны төмөр хайрцаг бүхий өндөр шон торойн угтлаа. Үүнийг харсан Б.Алтангэрэл “Энэ айлын эхний бичилт.
380кв-ын тогтой айл байна” хэмээн хэлж дуусаагүй байхад гэрийн эзэн Н.Мөнхбат “Ачаалал хэмжиж явна уу” гэсээр гарч ирэв. Үнэхээр л тэднийх байр сууцаа барьж, тогтмол оршин суудаг болоод удаагүй байгаа гэнэ. Тэрбээр “Нам даралтын зуухтай. Шөнө тог тасраад хэцүү юм. Өнгөрсөн шөнө 03:20 цагт тасарсан. 70047004 рүү залгахаар автомат хариулагч авах юм. Одоо гайгүй болж уу. Айгаад хүүхдийн өрөөндөө цахилгаан халаагуур залгадагаа ч больсон.
Та хэд ч ачаалалтай байгаа байлгүй” хэмээн өгүүлэв. Б.Алтангэрэл тоолуурын заалтыг тэмдэглэсний дараа түүнд “Цаашдаа ингээд бичигдээд явна. Хэрэв дугаараа бүртгүүлсэн бол 137004 –руу мессэж илгээж төлбөрөө шалгах, төлөх боломжтой. Манайхаас тогтмол хэмжилт, хяналт хийж байгаа” гэж түүнд зааварчилгаа өгөв. Үүнээс харвал түүний ажил дан ганц тоолуур бичихээс гадна хэрэглэгчдэд зөвлөн туслах, мэдээллээр хангах чухал үүрэгтэй юм.
13:00 цаг Өвлийн хүйтэнд айл айлын хаалга балбаж, гудамж сүлжин явна гэдэг амаргүй ажил ажээ. Ялангуяа, зуслангийн айлууд хаалгаа дангинатал түгжиж, нохойгоо сул орхидог нь цахилгаан бичигчид ихээхэн төвөг удна. Б.Алтангэрэл хурдан алхана гэж жигтэйхэн. Хоцрохгүйн тулд том том алхавч зэрэгцэж чадахгүй.
Нөгөөтэйгүүр “Чи нохойд уруулчихна. Миний ардаас дагаад яваарай. Намайг хаалгаар орвол айлтгүй дагаад ор. Нохой байгаа талд зогсож, айж гүйж болохгүй шүү” гэж анхааруулсан тул үл ялиг хойно алхаж яваа минь энэ. Хүнгүй шахам гудамжаар алхахад хатуурсан цас чанга гэгч чийхарч, хөлийн чимээнээр айлын ноход хашааны цаанаас үсчин боргох нь айдас төрүүлэм.
Зарим нь мөр хаалганы доогуур хоншоороо цухуйлгаж, хуучивтар банзан хашааны завсраар араа шүдээ яралзуулан дайрна. Ийм эрсдэлтэй, эгзэгтэй орчин дундуур тоолуурын заалт тэмдэглэгч өдөр бүр туучиж, ажлаа амжуулдаг нь бахархам. Б.Алтангэрэлийн өглөөнөөс хойш чирж явсан тэнзэн ташуурын дайтай модны учрыг сая л олов.
Нэгдүгээрт, биеэ хамгаалах, хоёрдугаарт, халтиргаа гулгаанаас сэргийлэх чухал зэвсэг юм байна.“Бэлхийн 48” хэмээн тодоор тэмдэглэсэн гудамжны эхэнд ижилхэн саарал өнгийн гүйдэг төмөр хаалгатай хашаа угтав. Тогтсон ёсоор хашаа руу орохын өмнө нохойтой эсэхийг шалгаж модоор тогшихуйд баруун хойд талын хаалганы цаанаас сүр бараа ихтэй хоёр нохой дуу дуугаа авалцан дайрч эхлэв. Харин нөгөө талын хаалга гаднаас нь онгойлгохын аргагүй.
Жилийн эцэс дөхсөн энэ үед аль болох бүх айлын тоолуурын заалтыг бичих учиртай. Тэгж гэмээнэ орлого бүрдэж, бид гэрэл цахилгаантай аж төрнө. Тоолуурын заалт бүхий шон хол байгаа бололтой хөлийн чимээ алсарсаар тасарлаа. Нохойноос сүрдэх, хашаа руу орсон нэгэндээ санаа зовох зэрэгцэн зогстол дээврийн цас пирхийтэл унах чимээ гарч балмагдуулав. Ашгүй хөлийн чимээ тодорсоор Б.Алтангэрэл гарч ирлээ. 60 нас дөхөж яваа гэхэд даанч хөнгөлүүхэн юм. Хоёр метр орчим хашаа руу гишгүүргүй авирч, өдөрт 30 гаруй километр алхахдаа ер түүртсэн шинжгүй. Магад ажил мэргэжлийнх нь онцлог биз.
15:00 цаг Тоолуурын заалт бичнэ гэдэг тун нарийн ажил юм санж. Аюулгүй байдлын үүднээс үргэлж бээлийтэй гараар харьцана. Б.Алтангэрэл тоолуурын заалт бүхий хайрцгийн дэргэд ирмэгц аяны богц мэт элэгдсэн хуучивтар ширэн үүргэвчээ уудална. Тэгснээ янз янзын хэлбэр дүрстэй, гоёл чимэглэл шиг шажигнасан олон түлхүүр гаргаж, хайж төдөлгүй нэгийг цоожинд шургуулахад яг л таарна.
Тэмдэг тэмдэглэгээгүй олон түлхүүрээс хайснаа яг таг олно гэдэг гайхмаар. Хүний эзэмшсэн мэргэжил, хийж дадсан ажил ийм сайхан гэлтэй. Хамгийн сонирхолтой нь “тетриц” тоглоом шиг зүйл тоолуурын заалт руу, зурагт удирдаж буй мэт чиглүүлнэ. Энэ бол “Тугуб” хэмээх багаж бөгөөд үүгээр тоолуурын заалтыг уншуулдаг юм байна.
Энэхүү багажийг 2008 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд хэрэглэгчийн кодоо хийгээд уншуулмагц өмнө сарын сүүлд хэдэн кв цахилгаан хэрэглэсэн, одоо хэд кв болж нэмэгдсэн нь гарна. Зөрүүгээр нь энэ сарын хэрэглээг тооцох бөгөөд тоолуурын заалт бичигч ажлаас буухдаа тугубаа операторын компьютерт уншуулж, мэдээлэл цааш шилжинэ.
Алтангэрэл “Зарим хүмүүс манайх ийм их цахилгаан хэрэглээгүй. Яг ижилхэн таван ам бүлтэй айл ингэж гардаггүй юм билээ. Та нар дандаа буруу бичдэг гээд хэл ам гаргадаг. Гэтэл айл бүрийн хэрэглээ өөр шүү дээ. Марк, үзүүлэлт таарахгүй цөөн хэдэн тоолуурын заалтаас бусдыг нь багажаар уншуулдаг. Зарим хүнд багажаа үзүүлээд тайлбарласан ч ойлгодоггүй юм” хэмээн учирлав.
…Цас алгуурхан хаялсаар гудамж, талбайг нэвсийтэл хучив. Б.Алтангэрэлийн хар хөх өнгийн ажлын хувцас нэлэнхүйдээ цайвартан харагдана. Хашаа, шонгийн мод өөд авирахад нь хөдөлгөөний аясаар гөвөгдөх хэдий ч ахиад цав цагаан болох тул зөнгөөр нь орхив. Харин тоолуурын заалт бичихийнхээ өмнө цантсан нүдний шилээ сайтар арчиж харагдана. Бид гудамж сүлжин явсаар төв замаас нэлээд алсрав. Түүнд цайны цаг гэж байдаггүй бололтой. Уулын бэлд бүлээн юм олж уух байтугай ороод дулаацах газар ховор…
Програмын дагуу гарч буй дүнгийн төлөө ажлаа хийж яваа хүн рүү давшлах нь цөөнгүй гардаг аж. Ялангуяа, шинэ тоолуурын заалтууд нэг товч дармагц өдөр шөнийн хэрэглээ, нийлбэр дүн нь дэлгэцнээ дурайтал харагддаг юм билээ.
18:00 цаг Цас алгуурхан хаялсаар гудамж, талбайг нэвсийтэл хучив. Б.Алтангэрэлийн хар хөх өнгийн ажлын хувцас нэлэнхүйдээ цайвартан харагдана. Хашаа, шонгийн мод өөд авирахад нь хөдөлгөөний аясаар гөвөгдөх хэдий ч ахиад цав цагаан болох тул зөнгөөр нь орхив.
Харин тоолуурын заалт бичихийнхээ өмнө цантсан нүдний шилээ сайтар арчиж харагдана. Бид гудамж сүлжин явсаар төв замаас нэлээд алсрав. Түүнд цайны цаг гэж байдаггүй бололтой. Уулын бэлд бүлээн юм олж уух байтугай ороод дулаацах газар ховор. Орсон айл, уулзсан хүн, очсон гудамжныхаа нэрийг тэмдэглэж явсан миний гар бээрч үзэг барихын эцэсгүй болох нь тэр. Нэг мэдэхэд хэдэн гудамж элээж, хаана яваагаа мэдэхээ болилоо.
Харин байцаагч ах хэрэглэгчийн код бүхий цаасаа нэг бүрчлэн тэмдэглэж “Энд амьдардаг эмгэн, өвгөн хоёр хаачаа юм бол. Эднийх ч угаасаа хотын төвд өвөлждөг юм” хэмээн ярих нь хариуцсан хэсгээ алган дээрээ тавиад харж буй мэт андахгүй.Ийн явсаар ажлаа дуусгахад хэдийн бүрий залгажээ. Түүний ажлын цаг 18:00-д тарах учиртай. Гэвч одоо л Бэлхийн эцсээс хөдөлж байна.
Тоолуурын заалтаа авч дууссан ч цагаа бүртгүүлэх, ээлжийн ахлахдаа төхөөрөмжөө хүлээлгэн өгөх, операторт мэдээллээ шилжүүлэх зэрэг өчнөөн ажил бий. Б.Алтангэрэл “Өнөөдөр харьцангуй эрт буулаа. Ойрын хэд хоног маш ачаалалтай байгаа. Бичилт хийхээс гадна оргил ачааллын үе буюу 17:00-22:00 цагт айлуудаар явж хэмжилт хийсэн” хэмээн ярив.
Өдөржин хамт байсан бид хоёрт сая л тухтай үг солих зав гарах нь тэр. Б.Алтангэрэл 1985 онд Политехникийн дээд сургуулийг Уулын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн хэдий ч айл гэрт тав тух бэлэглэж, улс орныг хөгжилд хөтлөгч цахилгаан эрчим хүч түгээх ажилд тавилангаараа холбогдсон нэгэн.
Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт инженер, Дархан сумын Засаг дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явсан эрхэм. Мэргэжлийн шалтгаанаар чамгүй олон гэрээсээ хол ажиллаж, амьдарсан тул үр хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарахаар 2000 онд хот бараадаж, эхнэртэйгээ хамт УБЦТС-нд ажиллах болжээ. Түүнээс хойш гэрэл гэгээ түгээх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нь энэ.
Цахилгааны ажил нарийн тул шинээр ирж буй хүнийг тодорхой хугацаанд дагалдуулж, сургадаг байна. Энэ хүрээнд Б.Алтангэрэл дөрвөн шавьтай болсон гэнэ. Түүний хань н.Оюударь таван жилийн өмнө өвчний улмаас бурхан болжээ. Өдгөө тэрбээр дөрвөн охиныхоо өмөг түшиг, өнгө гэрэл болон хөдөлмөрлөж, залууст үлгэрлэн бүтээж яваа юм.
Гэрэл цацарсан энергитэй, гэрэл түгээгч мэргэжилтний өрнүүн ажлын гүнд өнжихөд урам зориг эрхгүй дүрэлздэг юм билээ. Ийм л эгэл жирийн олон мянган хүний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөр Улаанбаатар хот өдрөөс өдөрт өнгө нэмж, Азийн цээжнээ тодрон буй. Хүмүүний хөдөлмөрийг итгэлээр хариулж, иргэний үүргээ хариуцлагаар биелүүлэх сэн.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, П. ДАВААЖАРГАЛ