Хятад Оросын харилцаа “зузаарахын” хэрээр, юаниар хийх олон улсын төлбөр тооцоо нэмэгдэх болжээ


Сүүлийн нэг жилийн хугацаанд БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юаниар хийх олон улсын төлбөр тооцооны хэмжээ огцом өссөн байна. Учир нь Украинд дайн дэгдсэнээс хойш Оросын түүхий эдийг их хэмжээгээр импортолж, юаниар төлөх төлбөрийн хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбоотой. Түүнчлэн энэ он гарсаар цар тахалтай холбогдуулан хэрэгжүүлж байсан хорио цээрийн дэглэмийг шатлан сулруулснаар эдийн засаг идэвхжихийн хэрээр түүхий эдийн эрэлт нэмэгдэж, юанийн арилжаа улам бүр өргөжсөөр байгаа юм.
Ройтерс агентлаг орон нутгийн цагаар 11-ний өдөр эх сурвалжаас иш татан мэдээлснээр, сүүлийн нэг жилийн хугацаанд Хятадын юанийн олон улсын төлбөр тооцооны хэмжээ нэмэгдсэн болохыг онцлов. Учир нь ОХУ зэрэг барууны орнуудын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнд өртөж буй улс орнууд түүхий эд импортлоход голчлон юаниар төлбөр тооцоогоо хийдэгтэй холбоотой юм. Харин Хятад улсын хувьд эдгээр улсуудаас газрын тос, нүүрс худалдан авахад 12 сарын хугацаанд ойролцоогоор 88 тэрбум ам.долларыг зарцуулсан байх юм.
БНХАУ-ын хөгжүүлсэн “Олон улсын юанийн төлбөрийн систем (CIPS)"-ийн төлбөр өнгөрсөн онд мөн 96.7 их наяд юань болж нэмэгджээ. Энэ нь өмнөх оныхоос 21 хувиар өссөн үзүүлэлт юм. Оросоос түүхий газрын тос худалдан авсан мөнгөн дүнг үүнд хамруулсан ба өнгөрсөн онд тус улс ОХУ-аас 60.3 тэрбум ам.доллароор хэмжигдэх газрын тос худалдан авсан байна. Уг мөнгийг юаниар төлсөн юм.
Түүнчлэн ОХУ юанийг төлбөр тооцоо хийх хэрэгсэл болгон сонгох болсон шалтгаан нь Украины дайнтай шууд холбоотой. Өнгөрсөн оны хоёрдугаар сард дайн эхэлсний дараа ОХУ Олон улсын банк хоорондын төлбөрийн систем болох SWIFT-ээс хасагдсан билээ. Ингэснээр ам.доллартой байсан ч олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжгүй болсон гэсэн үг юм.
Тэрчлэн хориг арга хэмжээнээс болж Барууны худалдан авагчид Оросоос түүхий эд авахаас татгалзаж эхэлсэн юм. Харин энэ орон зайг Хятад нөхсөн ба өнгөрсөн онд БНХАУ-ын ОХУ-аас худалдан авсан түүхий эдийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 52 хувиар өссөн байна.
Энэ нь тус хоёр улсад аль алинд нь хонжоотой стратеги болсон юм. Учир нь түүхий эдийн үнэ дэлхий даяар өсч буй үед Оросоос хямд үнэтэй түүхий эд авах болсон нь цар тахлын эсрэг хатуу бодлогын улмаас хүндхэн байдалд байсан эдийн засгаа дэмжиж хэдэн тэрбум ам.долларын гадаад валютыг гадагшаа урсгахаас сэргийлж чадсан байна.
Азийн хөгжиж буй орнууд ч Хятадтай “гар нийлж” Оросоос түүхий газрын тос худалдан авахдаа юанийг ашиглах төлөвлөгөөтэй байгаа нь сонсогдох болов. Бангладеш улс ч ОХУ-ын компаниар бариулах атомын цахилгаан станцын тооцоог ч юаниар төлөх гэж байгаа юм.
Түүнчлэн Хятадын эрх баригчид ОХУ болон Өмнөд Америктай нягт харьцаж юанийг олон улсын мөнгөн тэмдэгт болгох бодлогыг эрчимжүүлж байна. Бразил, Аргентины араас Боливи улс олон улсын худалдаанд ам.долларын оронд юанийг ашиглахаар төлөвлөж байгаа аж.
Тодруулбал Боливийн ерөнхийлөгч Луис Арсе өнгөрөгч 10-ны өдөр хэлэхдээ, "Өмнөд Америкийн хамгийн том эдийн засаг болох Боливи, Аргентин хоёр Хятадтай байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу юанийн төлбөр тооцоог аль хэдийн нэвтрүүлээд байна. Энэ байдал Өмнөд Америкт цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа ба Боливи улс ч үүнээс хоцорч болохгүй юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Өнгөрөгч гуравдугаар сард Хятад улс болон Бразиль улсууд импорт, экспортын төлбөр, санхүүгийн гүйлгээнд өөрсдийн мөнгөн тэмдэгт болох юань, реалийг ашиглахаар тохиролцсон билээ. Ингэснээр Бразилийн компаниуд Хятадтай худалдаа хийхдээ ам.долларын төлбөр тооцооны SWIFT сүлжээний оронд Хятадын CIPS-ийг ашиглах боломжтой болж буй юм. Аргентин улс ч энэ сараас эхлэн Хятадаас импортолсон бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг ам.доллараар бус юаниар төлнө.
Өмнөд Америкийн орнуудаас өмнө Саудын Араб, Франц ч мөн энэ хөдөлгөөнд нэгдсэн юм. Тухайлбал China Offshore Oil компани өнгөрсөн гуравдугаар сард Францын Total Energy компаниас Арабын Нэгдсэн Эмират улсын үйлдвэрлэсэн (АНЭУ) шингэрүүлсэн хийг худалдан авахдаа төлбөрөө юаниар төлсөн байна. Энэ нь шингэрүүлсэн хийн олон улсын худалдаанд анх удаа ам.долларын оронд юанийг ашигласан тохиолдол болсон юм.
Ийнхүү юанийн хэрэглээ дэлхий даяар тархаж байгаагийн цаад шалтгаан нь Хятадын эрэлт өндөр байгаатай шууд холбоотой гэж дүгнэж болно. Дэлхийн түүхий эдийн зах зээлд Хятадын нөлөө нэмэгдсээр байна.
Хятад улс энэ онд цар тахлын эсрэг хэрэгжүүлж байсан бодлогоосоо татгалзаж, эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээснээр түүхий эдийн эрэлт өсөн нэмэгдэж буй нь тодорхой. 2021 онд Хятад улс төмрийн хүдэр, байгалийн хий зэрэг гол түүхий эдийн эрэлтийн 50 гаруй хувийг бүрдүүлсэн байна. Хэдийгээр хорио цээрийн дэглэмийн улмаас өнгөрсөн онд эрэлт буурсан ч энэ онд засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн өсөлтийг дэмжих багц арга хэмжээний ачаар Хятадын түүхий эдийн эрэлт 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрнэ хэмээн түүхий эдийн худалдааны салбарын мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Хятад улс асар их худалдан авах чадвараа юанийг дэлхий дахинд түгээх хөшүүрэг болгон ашиглаж байна. Өнгөрөгч гуравдугаар сард Хятад улс гадаад гүйлгээндээ ам.доллараас илүү юань ашигласан гэх тооцоо гарчээ. Тодруулбал гадаад гүйлгээний нийт 48 хувийг юаниар хийсэн төлбөр тооцоо эзэлснээр анх удаа ам.долларыг (47%) ардаа орхисон байна.
Гэвч дэлхийн хэмжээгээр аваад үзвэл юанийн нөлөө өчүүхэн хэвээр байсаар байгаа юм. SWIFT-ийн мэдээлснээр өнгөрөгч гуравдугаар сард юанийн дэлхийн мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд дэх эзлэх хувь ердөө 2.5 хувиас хэтрээгүй гэжээ. Тэгвэл ам.доллар 39.4 хувь байсан бол евро 35.8 хувиар удаалсан байна.
Гэвч юанийн ханш урт хугацаандаа ам.долларын ноёрхолд заналхийлж магадгүй гэсэн таамаг бий. Учир нь АНУ ОХУ-ыг “боомилохын” тулд ам.долларыг зэвсэг болгон ашиглаж буйг дэлхийн улс орнууд бэлхнээ харж байна. Мөн ам.доллартай харьцах ханшийн эрсдэлийг бууруулахын тулд ОХУ-ын тал Хятадтай гар нийлэх нь мэдээжийн асуудал юм.
BNP Paribas Hong Kong-ийн ахлах шинжээч Чи Ло хэлэхдээ, "АНУ-тай ойрын хамааралгүй улс орнууд аажмаар юанийг төлбөр тооцоондоо ашиглах нь нэмэгдэж яг л цасан бөмбөгийг өнхрүүлэх тусам томордогтой ижил үзэгдэл болох вий хэмээн харж байгаа юм. Энэ үзэгдэл ойрын 30 жилдээ үргэлжлэх төлөвтэй байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: Hankyung
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан