ТУРК: Хятад, уйгарчуудыг тамлан зовоохоо зогсоо



БНХАУ, Туркийн эрх баригчид уйгарчуудын асуудлаас болж зөрчилдөхөд хүрчээ. Энэ талаар Британийн “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 
Германд төвтэй Дэлхийн Уйгарчуудын Конгресс олон улсын байгууллага жилийн өмнө Женев хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын чуулга уулзалтын үеэр “БНХАУ-ын эрх баригчдын сая гаруй уйгар иргэнийг баривчлан, тамлан зовоож байна” гэж мэдэгдсэн билээ.
 
Тэд Бээжингийн дарангуйлал дор амьдарч, УУСАХ эсвэл УСТАХ аюултай нүүр тулаад буй шашны цөөнх Уйгар үндэстэнд анхаарлаа хандуулахыг НҮБ-ээс хүсч, шинжээчдийг уг хэргийн үнэнийг олохыг хүсчээ.
 
НҮБ-ын ахалсан олон улсын шинжээчдийн баг уйгарчуудын нутагт очиж, шалгалт явуулахыг хүссэн ч Бээжингийн эсэргүүцлээс болж, зорилгоо биелүүлж чадалгүй нутаг буцсан юм.
 
Уйгарчуудыг шалтгаангүйгээр баривчилж, тамлан зовоодог гэх мэдэгдлийг Бээжин эрс үгүйсгэж “Уйгарчуудын бусдын адил эрх чөлөөтэй, амар амгалан амьдарч байна” гэж мэдэгдсээр ирсэн юм.
 
Хилс хэргээр баригдсан уйгарчууд өмгөөлөгч авах зэрэг хуулийн ямар ч үйлчилгээ авах эрхгүй гэнэ.
 
Нэг талыг барьсан мэдэгдэлд дургүйцсэн НҮБ-ын Арьс, үндсээр алагчлахыг устгах Зөвлөлийн Дэд дарга Гэй МакДугалл “Бээжин мэдэгдлээ баримт нотолгоогоор батлан харуул. Мөн олон улсын шинжээчдийг Шинжаан Уйгарт нэвтрүүлж, нөхцөл байдалтай биечлэн танилцах зөвшөөрөл олго.  Бид бүх зүйлийг нүдээр харах учиртай” гэж хатуухан мэдэгдэж байв.
 
Хэсэг хугацаанд олны анхаарлыг татаж байсан уйгарчууд нэг л мэдэхэд “моод”-ноос гарсан гэхэд болно. Олон улс өдгөө уйгарчуудыг төдийлөн анхаарахаа больжээ. Уйгарчуудыг мартуулах, өөр зүгт олны анхаарлыг татах гол ажлыг Бээжин тун амжилттай зохион байгуулсан гэхэд болно.
 
Тэгвэл саяхнаас уйгар хөгжимчний ҮХСЭН эсвэл АМЬД гэх асуудал дахин олны анхаарлыг татаж эхэлжээ. Уг асуудлаас болж БНХАУ, Турк зөрчилдөхөд хүрлээ.
 
Уйгар үндэстний нэрт яруу найрагч, хөгжимчин Абдурэхим Хэйит саяхан Бээжингийн шоронд нас барсан ба уг мэдээллийг Бээжин олон нийтээс нуусан болохыг Турк илрүүлсэн гэнэ.
 

 
Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой “Сая гаруй түрэг гаралтай уйгар хүмүүсийг шоронд хорьж, тарчилж улс төрийн тархи угаалт хийж байгаа нь НУУЦ БИШ боллоо. Тиймээс нэн даруй хууль бус үйлдлээ зогсоо” гэж мэдэгджээ.
 
Энэхүү мэдэгдлийн дараахан Бээжин төв агентлагаараа дамжуулан шоронд амиа алдсан гэх Уйгар хөгжимчний 26 секунтын видео бичлэгийг цацсан аж. Бээжин уг бичлэгийг энэ сарын 10-нд байршуулаад “Турк үнэнийг гуйвуулж байна” гэлээ.
 
Бичлэгт үхсэн гэгдэж буй хөгжимчин “Сайн байна уу. Намайг Абдурэхим Хэйит гэдэг. Өнөөдөр бол хоёрдугаар сарын 10-ны өдөр. Бие минь сайн байгаа” гэж хэлжээ.
 
Туркийн тал уг бичлэгийг ЖИНХЭНЭ эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлж, түүнтэй биечлэн уулзахаас нааш ИТГЭХГҮЙ гэв.
 
Хөгжимчин Хэйит нэгэн дуунаасаа болж, найман жилийн ял сонссон аж. Хөгжимчин ялынхаа хоёр дахь жилд Хятад харгалзагчдын яргалал, тамлал дор нас барсан” гэж Турк мэдэгджээ.
 
Уйгарчуудын асуудлаар Бээжинтэй дэлхийн аль ч улс зөрчилдөхөөс болгоомжилдог юм. Түүхэндээ анх удаагаа Уйгар үндэстний эсрэг явуулж буй хууль бус ажиллагааг Турк эсэргүүцсэн нь энэ байв.
 
Уйгарчууд бол Бээжингийн хар дарсан зүүд гэхэд болно. Учир нь уйгарчууд исламын шашинтай ба “хятадыг дотроос нь идэх террористууд” гэж хятадууд үздэг. Дэлхийн олон оронд исламын шашинтнууд цус урсгасан алан хядах ажиллагаа зохион байгуулсаар байгаа нь Бээжинг байнга айлгадаг.
 
Уйгарчууд нэг бус удаа Хятадад халдлага үйлдэж байжээ. 2013 онд хэсэг уйгарчууд автомашинаар Бээжингийн төв талбайд иргэдийг дайрч, хохироосон юм. Халдлагыг уйгарчууд үйлдсэн нь тогтоогдсны дараахан Бээжин, уйгарчуудыг эсрэг хатуу бодлого явуулж, Ардын армийн цэргүүдээ Шинжаан-Уйгарын төв Өрөмч хотноо байршуулжээ.
 
Мөн насанд хүрсэн бүх уйгар иргэний хурууны хээ, ДНК-ийн мэдээллийг цуглуулан авч, эрчүүдийг сахлаа ургуулах, эмэгтэйчүүдийг нь гивлүүр зүүхийг хориглосон юм. Уг үйлдлээ Бээжин “Энэ бол хууль ёсных. Ирээдүйд гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв алхам” гэж тайлбарлажээ.
 
Хятадын твиттер гэгддэг вейбод 2014 онд уйгарт байгаа Ардын армийн цэргийн тоо 20-30 мянга гэж бичсэн аж.
 
Уйгарчууд болон хан үндэстнүүдийн хооронд байнга шахуу мөргөлдөөн гардаг ба 2009 онд болсон үймээний үеэр 197 хүн амиа алдсан түүхтэй. Бээжин эмх замбараагүй байдалд турхирсан нэрийдлээр 40 орчим уйгар хүнд цаазын ял оноосон юм.
 
Олон улс дээрх явдлыг эрс буруутгасан ч “Дотоод асуудлаа бид өөрсдөө шийдвэрлэх болно. Тиймээс анхаарах хэрэггүй” хэмээгээд, олон улсын шинжээчдийг хил давуулахаас татгалзжээ.
 
Б.Дэлгэрцэцэгскачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан