Дэлхийн алтны нөөцийг АНУ тэргүүлж байна


Дэлхийн алтны зөвлөлөөс энэ оны эхээр гаргасан мэдээгээр, АНУ-ын улсын сан хөмрөг 2018 оны хамгийн их алтны нөөцтэй улсуудын жагсаалтыг тэргүүлж байна. Энэ мэдээгээр АНУ найман мянга 400 гаруй тонн алтны нөөцөөрөө хамгийн их алтны нөөцтэй улс болсон байна. 
Жагсаалтын хоёрдугаарт Герман улс оржээ. Германы Дойче Бундесбанк буюу төв банк нь одоогоор гурван мянга 480 гаруй тонн алт нөөцөлж байгаа нь тус улсын гадаад валютын нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлж буй юм байна. Германы төв банкнаас Франц болон АНУ-ын төв банкинд хадгалсан 674 тонн алтаа буцааж авахаар ажиллаж байгаа аж. 2020 онд гэхэд энэ ажил бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна.
Дэлхийн алтны нөөц ихтэй улсуудын гуравдугаарт Итали улс багтжээ. Италийн төрийн сан хөмрөгт хоёр мянга 530 гаруй тонн алт байна. Энэ нь Гадаад валютын нөөцийнх нь 70 орчим хувь гэсэн үг юм. Италийн Банкны бодлогын дагуу Италийн эдийн засаг хүндхэн байгаа энэ үед алт нь хөрөнгө оруулалтын хамгийн аюулгүй хэлбэр гэж үзэж байгаагаас гадна ам.долларын хэлбэлзлийн эсрэг аюулгүйн баталгаа болдог байна.
Дөрөвдүгээрт Франц улс оржээ. Парисын алтны нөөц хоёр мянга 518 тонн. Үнэт металлын энэ нөөц Францын гадаад валютын нөөцийн 60 орчим хувь байна. Францын барууны баримжаатай улс төрч, парламентийн доод танхимын гишүүн Марин Ле Пен зэрэг улс төрчид, алтаа гадагш нь зарж борлуулахгүй байхаас гадна гадаадын улсуудад хадгалсан алтны нөөцөө буцааж татахгүй байхыг уриалсаар байгаа юм байна.
Жагсаалтын тавдугаарт ОХУ багтаж байна. Сүүлийн таван жилд Оросын төв банк алтны нөөц бүрдүүлэхэд ихээхэн анхаарсан. Үүний дүнд 2017 онд Хятад улсыг алтны нөөц ихтэй улсуудын тав дахь улсаас шахаж, 2018 онд дэлхийн алт худалдан авагч улсуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. Он гарсаар Оросын төв банк гадаад валютын нөөцөө 31.1 тонн алтаар нэмэгдүүлж, алтны нөөцөө хоёр мянга 149 тоннд хүргэжээ.  
Нийтэлсэн: Mонголын радио
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан