М.Энхсайхан: Араншинт эдийн засаг том төслүүдийг унагадаг. Жишээ нь...

Чикакогийн их сургуулийн профессорууд “Behavioral economics буюу зах төлөвийн эдийн засгийн тухай судалгаа”-аараа 2017 оны Нобелийн шагнал хүртжээ. Үүнийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Араншинт эдийн засаг” гэж монголчилсон байна лээ.
Өмнө нь уламжлалт буюу сонгодог эдийн засгийн онолд эдийн засаг нь хувь хүний зан төлөвтэй хамааралгүй гэж үздэг байв.  Тэгвэл Нобелийн шагналтнууд энэхүү судалгааны бүтээлдээ эдийн засгийн шийдвэр гаргахад ерөнхий эдийн засгаас гадна хүний сэтгэл зүй, зан төлөв нөлөөлдгийг гарган тавьсан байна.
Сэтгэл судлал, танин мэдэхүй, ёс уламжлал, сэтгэл хөдлөл болон нийгмийн хүчин зүйлсээс хамааран хүн эдийн засгийн шийдвэрийг гаргадаг талаар судладаг эдийн засгийн нэгэн том салбар шинжлэх ухаан болж байгаа юм.
Эдийн засгийн гол шийдвэрүүд зах зээлийн үл үзэгдэх гараар биш, шийдвэр гаргах төвшнийхний зан төлөв, өөрийнхөө зөв гэж бодсон бодолд тулгуурлан шийдвэр гаргах үзэгдлийг араншинт эдийн засаг судалдаг байна. Энэ нь нийт эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг судалж, хүмүүс хүслээ барьж дийлэхгүй богино хугацаанд сэтгэл ханамж авах сонголтыг хийж, нийгмийн сонирхолд нийцсэн үйлдэл нь эдийн засгийг тодорхойлж буйг судалжээ.  
Ерөнхий эдийн засгаас араншинт эдийн засгийн ялгаатай байдал нь аливаа асуудлыг эрүүл ухаанаар биш, араншингаас хамаарч шийдвэр гаргадаг гэж Ерөнхий сайд асан М.Энхсайхан тайлбарласан. Тэрээр ялангуяа том төсөл дээр эрүүл ухаан, эдийн засгийн тооцоотой хандахаас илүү тухайн шийдвэр гаргагчийн зан төлөв, араншингаас хамааралтай байгааг онцолж байв. Манай улсын хувьд том төслүүд яагаад хэрэгждэггүй, унадаг вэ. Нэг талаар Нобелийн шагналтнуудын судалсан зан төлөвийн эдийн засаг мега төслүүд дээр илүү давамгайлж байгаатай холбоотой байж болох юм. Хэдэн жишээгээр тайлбарлая.
Өнгөрсөн сард Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 411 км төмөр замыг барих шийдвэр гаргасан. Учир мэдэх, төмөр замын эдийн засаг гадарладаг хүмүүс нь “Зүүнбаян чиглэлийн төмөр замаас өмнө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барьж дуусгах нь эдийн засгийн хувьд ашигтай” гэх.
Харин шийдвэр гаргагчдын тайлбар нь “Зүүнбаян чиглэлийн зам нь нийгэмд өөрчлөлт бий болгож, иргэд аймаг дамжиж шилжиж, солилцоо бий болно. Дорнодоос Говь-Алтай чиглэлд ч юмуу. Ингэснээр ихэсч буй цус ойртолт багасна гэх. Мөн Монголын нутгаараа аль болох олон юм төмөр замаар явбал Монголдоо өртөг шингэнэ гэх. Төмөр замын нэг дарга нь “Монголдоо аль болох тойруу явбал манай төмөр замчид ажилтай байх юм” гэж тал засах. Мөн улсын тусгаар тогтнолтой холбоотой гэх тайлбар бас бий. Энэ тайлбаруудыг харахаар эдийн засгийн тооцоолол, үр ашгаас илүү хувь хүний зан төлөв, араншин дээр тулгуурласан шийдвэр нь давамгайлж байх шиг. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам баригдахгүй 10 гаруй жил болж байгаа хувь хүмүүсийн араншинтай  л илүү холбоотой.
Өөрөөр хэлбэл, асуудалд эдийн засгийн тооцоололтой хандахаас илүү янз бүрийн ашиг сонирхол хамгаалсан араншин гаргаж байгааг эдийн засагчид онцолжээ.  
Дараагийн том төсөл бол Нефтийн үйлдвэр барих тухай. Зарим эдийн засагчид энэ төслийг “цагаан зам” төсөл нэрлэсэн байна лээ. Учир нь, маш өндөр зардалтай,  бэлгэдлийн шинжтэй цагаан зам. Хамгийн гол нь өнөөдрийг хүртэл нефтийн түүхий эдээ хаанаас авахаа шийдээгүй байгаа юм. Тамсгаас нефть авна гэж байгаа ч яаж, ямар замаар авах нь тодорхой бус байна. Хийн хоолойн тавина гэж байгаа ч хоолойн эдийн засгаа мэддэг хүн ховор байн гэсэн шүүмжлэл гарсан. Асуудлаа мэдэхгүй хүмүүс хийн хоолойгоор ус дамжуулах юм шиг амархан юм ярьж, араншингаа гаргана гэж шүүмжлэв.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хотуудыг их орлоготой, бага орлоготой хот гэж хуваадаг байна. Монгол Улсын хувьд Улаанбаатарыг бага орлоготой, хөдөлмөрийн бүтээмж бага, хөдөө орон нутгаас ажилгүй, ядуу иргэд нүүдэллэн ирсэн хот гэж тодорхойлсон байдаг аж. Тус судалгаагаар Улаанбаатар шиг бага орлоготой хотод метро барина гэсэн ойлголт яригдахгүй гэдгийг дурдсан байна. Нөгөө л манай эрх баригчид, улстөрчдөд эдийн засгийн тооцооллоос илүү ард түмэнд таалагдах, өөрийнхөө араншинтай уялдуулан эдийн засгийн шийдвэр гаргадаг байна.

Э.Мөнхцэцэг
Эх сурвалж: itoim.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан