Өчигдөр оройн хамгийн халуун мэдээ нь “Маргааш УИХ-ын дарга М.Энхболд огцрох өргөдлөө өгөхгүй бол Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд тэмцлийн хурц хэлбэрийг сонгох” тухай байв. Иргэд цаг тоолон хүлээж эхэллээ. Энэ юу болоод байна вэ? Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр бол Ардчилал, хүний эрхийн өдөр. Ардчилсан хувьсгалын ойн баярын өдөр болон тэмдэглэж ирсэн энэ өдрөөр Монгол хүний эрхийг хамгаалдаг төрийн эрх барих дээд байгууллага УИХ толгойгоороо тоглуулж, хэн нэгэн гишүүдийн ямар нэгэн хурц хэлбэрийн тэмцэлд түгшиж сууж таарах нь. “Ингэж байхаар М.Энхболд өргөдлөө өгөөсэй”, “Ингэж байхаар УИХ тарвал таарна” гэдэг үгийг олон хоног сонслоо. Гэхдээ Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хуулиар УИХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх эсэхийг ч, УИХ тарах эсэхийг ч “комментчид” шийддэггүй билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 24.2 дээр УИХ-ын дарга, Дэд даргын хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно. УИХ-ын тухай хуулийн 10.1 УИХ-ын даргын бүрэн эрх дөрвөн жил байна. 10.2 дор дурдсан тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно.
- Нэгдүгээрт: Нас барсан.
- Хоёрдугаарт өөр ажилд шилжих болсон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан.
- Гуравдугаарт хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа үргэжлүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүрэм гаргасныг УИХ хүлээн авсан.
- Дөрөвдүгээрт: Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан.
- Тавдугаарт гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан гэсэн таван тохиолдол байна.
Дээрх таван тохиолдлоос бусад нь төрийн үйл ажиллагаанд халдсан, Үндсэн хуульд халдсан буруу жишиг тогтооно гэжээ.
Ийм учраас л М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас “холдуулж” болохгүй байна. Эх орондоо эрх зүйч мэргэжил эзэмшиж, алдарт Харвардад “Төрийн удирдлагын” чиглэлээр сурч боловсорсон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нэр бүхий гишүүдийг “дагуулан” тэмцлийн хурц хэлбэрийг сонгож байгаад М.Энхболдоор өргөдлийг нь өгүүлэхээс өөр аргагүй болсны учир энэ. Одоо яах вэ. Ямар “Л.Оюун-Эрдэнийг өрөвдөөд…” гэдэг үндэслэлээр өргөдлөө өгөлтэй нь биш. Нас барах уу, хүндээр өвчлөх үү, Үндсэн хуулийн Цэцэд хандаж “намайг огцруулах ёстой гэсэн бичиг хийж өгөөч гэж, дараа нь УИХ-аас түүнийгээ зөвшөөрүүлж гуйх уу. Эсвэл хэд ч шалгуулаад нотлогддоггүй “60 тэрбумын хэрэг” гэгчийг хилсээр хүлээж хууль зөрчих үү. Тэрбээр Л.Оюун-Эрдэнэ нарт “туслахын тулд” юуны өмнө “60 тэрбумын хэрэг”-ээр хэлэлцүүлэг хийхийг чуулганы индрээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгоод байна.
М.Энхболд нь огцрох нөхцөлөөс гадна заавал биелүүлэх үүрэг олонтой. Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлд энэ талаар тодорхой заасан. Үүнд:
1.Улсын Их Хурлын дарга нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажлыг бүхэлд нь уялдуулан зохицуулж, дараах ажлыг биечлэн эрхэлнэ:
1/Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган зарлаж, бэлтгэлийг хангах;
2/чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох;
3/чуулганы хуралдаан даргалж, хуулийн төсөл, бусад асуудал хэлэлцүүлэх;
4/бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хурлын гишүүдэд туслах;
5/ Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
6/Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах;
7/Улсын Их Хурлаас нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагатай Засгийн газраар дамжуулан харилцах асуудлыг уялдуулан зохицуулах;
8/Улсын Их Хурлын гадаад харилцааны ажлыг зохицуулах;
9/Улсын Их Хурлын даргад хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хариуцуулж болно.
УИХ-ын дарга М.Энхболд үүргээ биелүүлэхийн тулд өөрийг нь өргөдөл өгүүлэх асуудлыг “Хуулийн дагуу оруулаад ир” гээд байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэх юм. Нам, эвслийн бүлэг бол хуралдаанаараа хэлэлцэж санал дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна гэсэн байдаг. Үүнийг л “хуулийн дагуу оруулж ирэх” гээд байгаа юм.
Харин Монгол Улсын Үндсэн хуульд болон УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргын бүрэн эрхт хугацаа дөрвөн жил байна гэж заасан учир дээр дурдсан таван зүйлээс бусад тохиолдлоор УИХ-ын даргыг огцруулах нь хууль бус юм. Хэрвээ өөр байдлаар УИХ-ын даргыг огцруулах нь УИХ болон бусад хуулийг зөрчиж байна гэсэн үг. Тэгэхээр төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох зэрэг олон заалтад холбогдоно. Мөн УИХ-ын тухай хуулийн 7.1.23 хууль, гишүүний ёс зүйг УИХ-ын гишүүн чанд баримтална гэж заасан. Тиймээс гишүүний ёс зүйг баримтлан УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад УИХ-ын гишүүд дэгээ сахин хуульд заасан үндэслэлийн дагуу хандаж, огцруулах асуудал байгаа бол хуульд заасан үндэслэлээ л ярих хэрэгтэй. Дээрх таван тохиолдлоос бусад нь төрийн үйл ажиллагаанд халдсан, Үндсэн хуульд халдсан буруу жишиг тогтооно.
Мөн “Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлыг төлөөлнө. Улсын Их Хурлын дарга төрийн хамгаалалтад байна. Улсын Их Хурлын даргын орон сууц, унааны зардлыг төрөөс хариуцах бөгөөд түүний бие, өргөө, унаа халдашгүй дархан байна” хэмээн заасан байдаг. Тийм ээ, УИХ-ын даргын нэр хүнд халдашгүй дархан биш учраас л хэн дуртай нь, бүр нам нь Засгийн газар нь халдаж болоод байгаа нь энэ бололтой. Гэвч хэрээс хэтэрч байгааг нь олон нийт харж байна. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой явагдах зарчмын үүднээс, тодруулбал үүргээ биелүүлэхийн тулд эрх мэдлийнхээ хүрээнд УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Үүнд “Хуульд заагаагүй үндэслэлээр УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх үндэслэл байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар Засгийн газар бол УИХ-аас томилогдсон Ерөнхий сайд, гишүүдээс бүрддэг бөгөөд Үндсэн хууль, төрийн хууль биелүүлэх үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнах ёстой. Засгийн газар Үндсэн хуульд заасан хууль, үндсэн зарчмыг зөрчих, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн хууль бус зохион байгуулалттай арга хэмжээ авах ёсгүй.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд таныг Засгийн газрын гишүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах гэсэн үйл ажиллагаагаа 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр зогсоож, байнгын, түр болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохыг шаардаж байна. Танай Засгийн газрын гишүүд Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн асуудлаас үүдэн гарах аливаа хариуцлагыг танай Засгийн газрын болон УИХ-ын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа гишүүд сайд нар давхар хүлээх болно гэдгийг хатуу анхааруулж байгааг мэдэгдье” гэжээ. Хариуд нь Засгийн газраас “Яаралтай өргөдлөө өг” гэсэн хууль бус шаардлага хүлээж авахгүй гэж найдъя.
Тийм ч учраас ард түмнийг эргэлзээ тээнэгэлзээ төдийгүй айдас түгшүүрт автуулахуйц “хурц тэмцэл”, эсвэл “Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдэд аюул занал учирвал…” гэсэн албан ба албан бус мэдээллүүдээ зогсоох шаардлагатай болоод байна. Энэ бол ардчилсан төрт улс. Засгийн газарт, нэг намд захирагдсан Улсын Их Хурал гэж байж болохгүй. Тэр тусмаа Ардчилал, хүний эрхийн өдрөөр ардчилсан төрт ёсны зарчим алдагдуулахыг МАН-ын дарга, түүний тэргүүлсэн Засгийн газарт зөвшөөрмөөргүй байна.
"Ардчилалд дарангуйллын далд хэлбэр л оршдог. Энэ аймаар зүйлийг эрх баригчид өөгшүүлдэг" гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Гровэр Клэвланд тэртээ 1890 онд хэлсэн байдаг. Гэтэл өнөө цагийнхаар бол “Н.Энхбаярын үед ч байгаагүй” дарангуйллыг У.Хүрэлсүхийн даргалдаг нам, түүний Засгийн газраас амсч мэдэхээр байна. Энэ нь “УИХ-ын дарга М.Энхболд Та өргөдлөө өг. Би намын даргын хувиар хэлж байна” гэсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс харагдсан. УИХ-ын гаднаас олонхын намын дарга орж ирээд өөрийн Засгийн газраа авч үлдэхдээ Төрийн эрх барих дээд байгууллагын даргыг намын даргын хувиар гэж тодорхойлж байгаад “хөөж” байна. Түүнийг намын даргын хувиар УИХ-ын гишүүдэд хэрхэн нөлөөлснийг тус намын Удирдах зөвлөлийн шийдвэр, намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болон УИХ дахь МАН-ын бүлгийн даргад өгсөн үүрэг даалгавар нотолно. Хэрэв МАН-ын Бага хурал, Онц их хурал зарлан хуралдаад У.Хүрэлсүхийг МАН-ын даргаас, улмаар Ерөнхий сайдын суудлаас “аваад хаячихгүй” л бол энэ нөлөөллөө 2020 оны сонгууль дуустал үзүүлэх биз. Энэ бол тус намын асуудал. Харин намын даргаасаа айсан УИХ-ын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ, шийдвэр гаргах бүрт нөлөөлөлд автсаар байх уу гэдэг бол бидний асуудал. Дахин хэлэхэд Ардчилал, хүний эрхийн өдрөөр ардчилсан төрт ёсны зарчим алдагдуулахыг МАН-ын дарга, түүний тэргүүлсэн Засгийн газарт зөвшөөрмөөргүй байна.
News.mn