Мэргэжлийн хяналтын байцаагчид хахууль өгсөн этгээдүүд ял авлаа


Бүрд худалдааны төвийн үйл ажиллагаа эрхэлдэг, “Говь-Түшээ” ХХК-ийн захирал ажилтай Дамбадаржаагийн Амарсайхан, тус компаний нягтлан бодогч М.Чимгээ нар нь бүлэглэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02-1/71 тоот “Хүнсний худалдааны газаруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгасан шалгалтыг түргэвчлүүлэх, шалгалтын дүн болох “эрсдлийн үнэлгээ” ашигтайгаар гаргуулах, зөрчлийн хэргийг прокурорт шилжүүлэхгүй байх, бага үнийн дүгээр торгуулах, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны “50203...” тоот дансруу Хаан банкны “5009...” дугаартай данснаас 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 /нэг сая/ төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн гудамж Бүрд худалдааны төвийн дотроос 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус шилжүүлж, хахууль өгсөн  байна.
 
Хахууль өгсөн этгээдүүд хэн бэ?
Монгол улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Говь түшээ" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Далантай овогт Д.Аамарсайхан.
Монгол улсын иргэн 1964 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Говь түшээ" ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Шарайд овогт М.Чимгээ.
 
Зөрчлөө нуухын тулд хахууль өгчээ
Үйлдсэн хэргийнхээ талаар Бүрд худалдааны төвийн нягтлан бодогч Ч.Чимгээ: “Бүрд худалдааны төвд Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс 2018 оны 04 дүгээр сард шалгалт орж ирсэн. Тухайн үед шалгалтаар 4-5 хүн ирсэн санагдаж байна. Бүрд худалдааны төвд шалгалт хийгээд манай түрээслэгч Монкек ХХК-ийн нэрийн барааны дэлгүүрээс хугацаа дууссан торт , Саран бууз цайны газар газны хэрэглээний аюулгүй байдлын шаардлага хангаагүй, чихэр, жимс, худалдаалдаг Батхишиг нь бараа бүтээгдэхүүний хугацаа дууссан бүтээгдэхүүн зарсан. Аринужаргалын нөхөр нь цагаан халаадгүй эрхэлсэн гэсэн зөрчил гарсан. Ингээд бүгдээрээ мэргэжлийн хяналтын хэлтэс дээр дуудагдаж очсон. Өөр бас хэд хэдэн хүн байсан санагдаж байна. Бид нарын мэргэжлийн хяналтын хэлтсийн уулзалтын өрөөнд сууж байхад Өлзийбаяр гэдэг байцаагч ирж уулзсан санагдаж байна. Тухайн байцаагч нь бид нарт гаргасан зөрчлүүдийг хэлэхэд өөрсдөө ямар зөрчил гаргасанаа мэдэж байсан болохоор бүгдээрээ зөрчлийг хүлээн зөвшөөрсөн. Хуульд зааснаар бол зөрчил гаргасан тохиолдолд аж ахуй нэгжээр торговол өндөр торгууль төлдөг. Хувь хүнээр торговол бага торгууль төлдөг болохоор Өлзийбаяр байцаагчаас багаар торгож өгөөч" гэж бүгдээрээ л гуйсан. Тэгэхэд та нар олуулаа юм чинь манай хэлтсийн дарга Баасандоржтой ороод уулз гэж хэлсэн. Тэнд явж байсан хүмүүс бол надтай хамт ороогүй. Би Баасандоржийг таньдаг болохоор ганцаараа орж түүнтэй уулзсан. М.Баасандорж дарга нь танайхаас олон зөрчил илэрсэн, зөрчлийг прокурор хянадаг. Хэрвээ прокурор руу тухайн асуудлыг явуулахгүйгээр энд нь түргэвчлээд шийдэж болно, гэхдээ надад мөнгө өгөөрэй, би зохицуулж болно гэж хэлсэн. Ингээд бид нар тус бүрдээ торгууль Улаанбаатар хотын банк руу орж төлцгөөсөн. Ингээд Баасандорж даргын данс руу 1 сая төгрөг шилжүүлэх шаардлагатай болоод захирал Амарсайханд та энэ данс руу 1 сая төгрөг шилжүүлээд өгөөч, мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт орсон болохоор ингэж 1 сая төгрөг шилжүүлж байж л аятайхан салах гээд байна гэж хэлсэн. Мэргэжлийн хяналтын хэлтсээс үйл ажиллагаа явуулж буй байгууллагатай холбогдуулж эрсдлийн үнэлгээ гэж хийдэг. Тэр үнэлгээ нь эрсдэлтэй, бага эрсдэлтэй, эрсдэлгүй гэж гардаг. Энэ үнэлгээ нь дараа нь үйлдвэр үйлчилгээ явуулах гэрээгээ сунгуулах, шинээр авахад хэрэгтэй байдаг. Тийм болохоор захиралд хэрвээ 1 сая төгрөг шилжүүлчихвэл гайгүй үнэлгээ авах гээд байна гэж хэлж тухайн 1 сая төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр М.Баасандоржийн данс руу шилжүүлсэн. Дараа нь болохоор 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр М.Баасандорж ямар ч байсан надтай холбогдсон. М.Баасандорж нь надтай уулзаад манайх хэлтсээрээ ёолк тэмдэглэх гээд байна, баяр тэмдэглэх гэж байна. Хандив өгөөч гэж надад хэлсэн. Тэгэхээр нь энэ тухай Д.Амарсайхан даргад хэлсэн. Манай захирал ер нь их шудрага хүн л дээ. Тэгээд бэлнээр бол өгөхгүй ээ, дансанд бол хийж болно гэхээр нь М.Баасандоржийн өгсөн данс руу мөнгө шилжүүлсэн. Би захирлын виза картны нууц дугаарыг бол мэднэ. Өөрөө зөвшөөрөөд картаа өгвөл АТМ-руу явж очоод нууц дугаарыг нь хийгээд гүйлгээ хийчихдэг. Харин мобайл банкны нэр, нууц кодыг нь бол мэдэхгүй. Бид нар дандаа л мэргэжлийн хяналтын хэлтэстэй харьцаж байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар цаашдаа асуудал үгүйсгэхгүйн тулд замаа л засаж байхгүй юу даа” хэмээн тайлбарласан байна.
Хахууль өгсөн этгээдүүд ял сонсов
Хахууль өгсөн болох нь нотлох баримтуудаар нотлогдсон тул тэднийг Эрүүгийн хуудийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2.700 нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгосон байна. 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан