Ч.Улаан сайдын ноолуур ажиллагаа юу болов

Үе үеийн Засгийн газарт болж л өгвөл сайдын албан тушаалд томилогдчихдог нэгэн бол ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан. Ч.Улааны хувьд ХХААХҮ-ийн сайдаар багагүй шүүмжлэл дагуулж томилогдсон. Өнгөрсөн өдрүүдийн хувьд Ч.Улаан сайдын “ноолуур” ажиллагаа олон нийтийн анхаарлыг татаж байна. 
Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор “Ноолуур” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Тус тогтоол нь шинэ төрлийн коронавирусийн (Covid -19) халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед малчид болон боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн аль, алинд нь үүсэх эрсдэлийг бууруулах,  ноолуурын салбарыг дэмжих зорилготой юм. Ноолууран түүхий эдийг үнэ ханшийн уналтаас хамгаалах, үнийг тогтвортой байлгах, үндэсний үйлдвэрлэгчдийг чанартай түүхий эд худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ноолуур бэлтгэлд зориулан ноолуур худалдан авагч үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн “Бодлогын зээл”-ийг Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд зээлийн хүүгийн  хөнгөлөлтөд 30 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэхээр шийдвэрлэж буй. Энэ дагуу  Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас ноолуур бэлтгэж эхлээд байгаа бөгөөд Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Төв, Дундговь, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгуудаас нийтдээ 2240 тонн ноолуур худалдан авахаар төлөвлөсөн байна. 
Манай улсын зүүн гурван аймгийн малчид түрүүлж ямаагаа самнадаг онцлогтой.  Эхлээд зүүн, дараа нь төвийн, хожим баруун бүсийн аймгууд ямаагаа самнадаг. Энэ нь цаг агаартай холбоотой. Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудад  1кг ноолуур 100 мянган төгрөг байхад баруун аймгуудад 40-50 мянган төгрөг байна. 50-60 хувийн зөрүүтэй гэсэн.
 Үүнтэй холбогдуулан Ч.Улаан сайд зүүн, баруун аймгуудын ноолуурын чанар гэх мэт  асуудлаар малчдын амыг таглах болжээ. Уг асуудлаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Архангай аймгийн малчдын бэлтгэсэн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ?  Хэрэв 100 мянган төгрөг хүрэхгүй бол та хариуцлага хүлээх үү?” гэсэн асуултад  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Ноолуур зүүн аймгуудаас эхлээд бэлтгэгддэг. Чанар нь зүүн талдаа илүү байдаг. Одоогийн байдлаар 100 мянгадаа хүрчихсэн байгаа. Архангайн ноолуур 100 мянга хүрэхгүй. Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Архангайн ноолуурын доод үнийг би 85 мянган төгрөгөөр тогтоосон” хэмээлээ. Сайдын хэлснээр бол баруун аймгуудын малчид ноолуур үнэт орно гэх мөрөөдлөө орхисон дээр болж таарч байна. 
Нэг үгээр 171 мянган малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон малчдын орлогын 40 хувийг бүрдүүлдэг ноолуурын асуудлыг Ч.Улаан сайд Мянгуужингийн үлгэр болж дуусгах тодорхой болж байх шиг.  

О.Онон
Эх сурвалж: Olloo.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан