Допингийн эсрэг үндэсний төвөөс Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Уг шинжилгээний хариуг баяр наадмын зохион байгуулах хороонд өгөөд найман сар боллоо. Олон нийтийн зүгээс түрүү бөх Э.Оюунболдын допинг хэрэглэсэн тухайд ямар арга хэмжээ авах бол гэж чих тавин хүлээсээр л байгаа.
Түрүү бөх Э.Оюунболд "Намайг хилс хэрэгт гүтгэлээ. Би допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон. Хуулийн байгууллагад хандана" гэж жиргэсэн удаатай. Тэгээд шүүхэд хандсан юм билээ. Гэтэл одоо энэ тухайд ямар ч мэдээлэл алга, таг чиг. МБХ-ны тэргүүн асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Шавийгаа сэргээш хэрэглээгүй гэж найддаг" гэж хэлсэн удаатай.
Тэр ч яахав. Харин Э.Оюунболдоос өөр нэг нөхөр шинжилгээнд унасан бол өдийд нэр ч үгүй, шинэ цол ч үгүй л болсон байх болов уу. Нэг тийш болгон шийдмээр л юм. Наадам боллоо гэхэд Э.Оюунболд зодогловол бөхчүүд допингтой бөхтэй барилдахгүй гээд наадам гацаачихна. Урьд нь ч тэгж барилдаан саатуулсан удаа бий. Уг нь Э.Оюунболдын шүүхдэлт, сэргээшийн хариу хоёр өөр юмсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин