Монгол Улсын нэг иргэн 28.3 сая төгрөгийн өртэй болжээ

Өр зээлийн дарамт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хумигдах бус эсрэгээрээ тэлжээ. 2016 онд нэг хүнд 15 сая төгрөгийн өр ногдож байсан бол өнөөдөр энэ хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, нийт гадаад өрийн хэмжээг өнөөдрийн ханшаар тооцвол, нэг иргэн 28.3 сая төгрөгийн өртэй болжээ. Төв банкны мэдээлснээр, 2019 оны жилийн эцсийн гадаад өрийн статистик үзүүлэлтээс харахад Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 30.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг 2016 онтой харьцуулахад нийт өрийн хэмжээ 1.9 тэрбум ам.доллараар өссөн байна. Өрийн хэмжээ ийнхүү өсөхөд Засгийн газар болон хувийн хэвшлийн өр нэмэгдсэн нь нөлөөлсөн. Эрх баригч нам өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд юу хийчих вэ. Гадаад өрийн хэмжээг задалж үзвэл, Засгийн газрын зээл 7.7 тэрбум ам.доллар, төв банкны зээл 1.9 тэрбум ам.доллар байгаа юм. Энэ оны төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг бөгөөд улсын гадаад болон дотоодын өрийн хэмжээ улам нэмэгдсээр. Манай улсын гадаад өр сүүлийн таван жилд 35 хувиар огцом өссөн ба Засгийн газрын нийт өрийн хэмжээ хамгийн өндөр дүнг эзэлж байна. Гэтэл Монгол Улс ирэх онд 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр барагдуулах ёстой. Энэ нь одоогийн байгаа улсын гадаад валютын албан нөөцийн 70 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө.
Өр зээлийн дарамтаас иргэдээ гаргана гэж амласан эрх баригчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин их өр “үйлдвэрлчихээд” дахин эрх барихаар улайрч байгаа нь харамсалтай. Монгол Улсын эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшиж, төгрөгтэй харьцах ам.долларын ханш түүхэн дээд түвшинд хүрээд зогсохгүй ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш суларсаар байвал гадаад өрийн хэмжээ тэлсээр байна гэсэн үг. Монгол Улс төсвийн орлогынхоо 50 хувийг зээл, зээлийн хүүд төлж байсан бол энэ хэмжээ 70 хувь руу дөхлөө. Хөрөнгө оруулалт шинээр гаднаас татах бус харин ч эсрэгээрээ байсан хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Гадаад өрийн эргэн төлөлт ойртсоор байгаа нь өр зээл улам нэмэгдэх томоохон эрсдэлд тооцогдож байна. Манай улс ирэх 4-5 жилд нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүү төлөх ёстой. Энэ нь гадаад валютын албан нөөцийн одоогийн хэмжээнээс гурав дахин давсан өндөр үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, бидний байгаа нөөц боломж энэ их өрийн хаана нь ч хүрэхээргүй бага. Сангийн сайд гадаад өрийн дарамт буурсан гэх боловч эцсийн дүндээ дээрх байдлаар огцом өсжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ сараар дуусгавар болж байгаа тул шинээр хөрөнгө оруулалт орж ирэх магадлал улам буурч байна. Үүнээс гадна цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөнөөс болж хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах үзэгдэл түгээмэл байгаа нь гадаад өрийн эрсдэлийг нэмэгдүүлсээр.  

Б.Мөнх-Эрдэнэ
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан