XX зууны хувьсгалч Че Гевара өнөөдөр 92 нас хүрэх байлаа

Орчин үеийн түүхэнд алдар нэрээрээ Че Геваратай өрсөлдөж чадах хүн ховор. Тэр бол хувьсгалын бэлгэ тэмдэг, шударга бус зүйл, худал хуурмагийн эсрэг цогтой тэмцэгч. Спорт урлагийн од, улс төрч, жирийн тариачнаас эхлээд гэмт хэрэгтэн, сүсэгтэн олон гээд нийгмийн бүх давхарга дунд түүний шүтэн бишрэгчид бий. Өмнөд Америкийн бараг бүх эрчүүд Че Геварагийн шивээстэй гээд хэлчихэд буруудахгүй. Бүх насаараа мөнгө хөрөнгө, шунал, авлигын эсрэг тэмцэж ирсэн түүний дүрс одоо наймаачдад маш их орлого оруулж байна. Түүний дүрстэй цамц, малгай, тэмдэг, түүний нэрээр нэрлэгдсэн ресторан, гуанз гээд л, дэлхийн аль ч өнцөгт Че Гевара нэр брэнд. 1928 оны зургаадугаар сарын 14-нд Аргентинд төрсөн Че Гевара 39 насандаа Боливид амь үрэгдсэн. Түүний бүтэн нэр Эрнесто Гевара де ла Серна Линч. XX зууны тэргүүн хувьсгалч Эрнесто Че Гевара амьд байсан бол 92 настай байх байлаа. Гэхдээ тэр Кубад даргын суудалд тухалж сууснаас ууланд партизаны дайн хийж, амь насаа эрсдэлд оруулахыг илүүд үзсэн юм.
Че Гевара ярьж байна.
 “Өвдөг сөхөрч амьдарснаас зогсоогоороо үхсэн нь дээр”
“Их юманд хүрэхийн тулд та бүх юмаа алдах ёстой”
“Хэрэв та ямар ч саад бэрхшээлгүй зам олбол тэр зам чинь хаашаа ч хүргэхгүй л болов уу”
“Чимээгүй байна гэдэг маргаанаа өөр аргаар үргэлжлүүлж байгаа нэгэн хэлбэр”
“Хүн чанар, нэр төрөө хамгаалахын тулд амь насаа ч зориулах хэрэгтэй”
“Найз нөхөдгүй байх гунигтай. Гэхдээ дайсангүй байна гэдэг бүр гунигтай”
“Би үргэлж мөрөөдөх болно. Бууны сум зогсоох хүртэл би мөрөөдсөөр байна”
“Би чөлөөлөгч, аврагч биш. Чөлөөлөгч гэж байхгүй. Хүмүүс өөрөө өөрсдийгөө чөлөөлдөг”
“Эелдэг зангаа алдалгүй бүдүүлэг, ууртай байж сурах хэрэгтэй”
“Хувьсгалч бидний хувь заяа гунигтай, эмгэнэлтэй”
“Хэрэв шударга бус юм хараад таны уур хүрэн, хилэгнэж байвал та миний нөхөр”
“Хувьсгалын дараа ажлыг хувьсгалчид биш элдэв түшмэд, хүнд сурталтнууд хийж эхэлдэг. Тэд бол хувьсгалын эсэргүүнүүд”
“Жинхэнэ хувьсгалч хүний хайр сэтгэл агуу. Энэ мэдрэмж төрдөггүй хувьсгалч гэж байхгүй”
“Хувь хүн биш ард олныг бодож байх хэрэгтэй. Хувь хүний ашиг сонирхол хүний нийгмийн ашиг сонирхлын өмнө өчүүхэн зүйл”
“Шүүх хурал гэж цаг үрэх хэрэггүй. Энэ бол хувьсгал. Баримт нотолгоо чухал биш. Тэд цөм дээрэмчин, алуурчид”
“Хэрэв би ялагдвал ялах ямар ч арга байгаагүй гэсэн үг биш. Эверестийн оргилд гарах гэж олон хүн ялагдсан. Гэвч эцсийн эцэст хүн Эверестийг ялсан шүү дээ”
“Нэг хүний амьдрал дэлхийн хамгийн баян хүний эд хөрөнгөнөөс сая дахин илүү үнэтэй”  

М.Сугар-Эрдэнэ 
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан