"Үндэсний хувьчлалын сан хамтын ХОС" ХХК-д тусгай зөвшөөрөл олголоо

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус 20 дугаар хуралдаан өнөөдөр болж "Үндэсний хувьчлалын сан хамтын ХОС" ХХК-д анхны хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэлээ.
Хорооноос тухайн сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг 2019 онд, нэгж эрхийн танилцуулгыг өнгөрсөн зургадугаар сард тус, тус бүртгэж, олон нийтээс санхүүжилт татах зөвшөөрлийг олгож байсан. Ингэснээр уг компани нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулж нийт 11 стратегийн хөрөнгө оруулагч, 2234 иргэнээс захиалга ирүүлж, нэгж эрхийн танилцуулгад заасан хөрөнгийг татан төвлөрүүлсэн. Ийнхүү хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор хамтын санг үүсгэн байгуулсанд тооцож, хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн хөрөнгийн танилцуулгад заасан хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж, багц бүрдүүлэх эрх нээгдэж байгаа юм.
Хороо хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулалтын тогтолцоог бүрдүүлэх, хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг менежментийн компаниар удирдуулах, сангийн хөрөнгийн хадгалалтыг тухайлсан бүртгэл хөтлөгч кастодиан банкинд хадгалах цаашилбал, төрөөс хяналт зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлэхэд байнга анхаарч ажиллаж байна. 
Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар мөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хэлэлцээд мэргэжлийн байгууллага, холбоод болон салбарын оролцогчдын дунд хэлэлцүүлэг хийхийг дэмжлээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын оролцогчдын олон талт санхүүгийн үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлэх, тусгай зөвшөөрлийн тоог бууруулж, төрөлжсөн институт болгох замаар оролцогчдыг чадавхижуулах, финтект суурилсан үйлчилгээг дэмжих улмаар зээлийн хүү, эх үүсвэрийн өртгийг бууруулах, харилцагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, засаглалын ил тод байдлыг сайжруулах, нэгдсэн хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зэрэг зарчмын өөрчлөлтийг тусгасан юм.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан