"Эрдэнэт үйлдвэр": Яагаад?!

“Эрдэнэт үйлдвэр” бол Монгол Улсын төсвийн 30 гаруй хувийг тогтмол бүрдүүлж ирсэн “саалийн үнээ” юм. Тэнд асар их баялаг, хөрөнгө, валют эргэлдэж байдаг. Тэр хэрээр олны нүд унаж, анхаарал тогтож байдаг. Ингэх нь зүйн хэрэг. Тэр байтугай “Эрдэнэт үйлдвэр”-ийг яаж ийгээд хувьдаа авч, баялгийг хуваарилагч болох хүсэлтнүүд ч олон бий.Яг ийм хүслээ гүйцэлдүүлж, “Эрдэнэт үйлдвэр”-т ОХУ-ын эзэмшиж ирсэн 49 хувийг Монгол Улсын маань “Монголиан коппер корпорейшн” ХХК худалдаж авсан. Ийм явдал дөрвөн жилийн өмнө болж байлаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараахнаас УИХ тогтоол гаргаж, Засгийн газар хэрэгжүүлснээр 2019 оны гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн өмчтэй болгосон.  Улмаар “Монголиан коппер корпорейшн” компанийн удирдлага, эзэмшигчдийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авчирсан хууль зөрчсөн хэмээн хууль хяналтын байгууллагад шалгаж эхэлсэн. Хэрэг ямар шатанд яваа нь одоохондоо чимээ аниргүй болоод байна. 
Харин дан ганц төрийн өмчлөлтэйгээр жил гаруй ажилласан “Эрдэнэт үйлдвэр” ойрын үед олны анхааралд орж ирлээ. Их л мэдээлэл ил болж байх шиг байна. Гэхдээ энэ бүхнийг углуургаар нь харвал их сонин явдал эхэлж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед улс төр, бизнесийнхэн, бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй мэдээллээс “Монголиан коппер корпорейшн”-ийнхэн “Эрдэнэт үйлдвэр” 49 хувийг эргүүлж авахаар хөдөлж эхлэв үү гэж харагдаж байгаа юм.
“...Яагаад” гэсэн хэдхэн асуултын хариу л үүнд хариулт өгнө. Өрнөж өнгөрсөн үйл явдлын цаг хугацаагаар асуулт тавибал:-Хууль бусаар тагнуулсан гэх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ яагаад “...Энэ явдал “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой” гэж мэдэгдсэн бэ?
-Ер нь Л.Оюун-Эрдэнэ яагаад тагнасан чагнасан хэргийн обьект болсон бэ?
-Засгийн газраас томилсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын хэсгийг яагаад өөрчилсөн бэ?
-Ж.Энхбаярын зуучлалаар У.Хүрэлсүх, Д.Эрдэнэбилэг нар уулзсан гэх мэдээлэл тарсан. Яагаад?-Ерөнхий сайд У.Хүрэлсүх яагаад гэнэт Хөтөл, Дарханаар аялсан бэ?
-“Монголиан коппер корперейшн” яагаад Арбитрын шүүхэд хандахаар болсон бэ?
-“Монголиан коппер корперейшн”-ийг Арбитрын шүүхэд хандахад Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр ямар хэрэгтэй вэ?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авахдаа хууль зөрчсөн гэх хэрэгт шалгагдаж байсан О.Орхон яагаад ил гарч ирэв?
-“Монголиан коппер корперейшн” компанийнхан яагаад заавал Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд Арбитрийн шүүхэд хандахаар зэхэж байна вэ?
Ийм олон асуулт овоорчээ. Одоогоор холбогдох хуулийн этгээдүүд хийгээд хувь хүмүүсийн зүгээс ямар нэг тайлбар мэдээлэл албан ёсоор өгөөгүй байна. Харин эдгээр асуулттай холбогдож мэдэх үйл явдлууд үргэлжилсээр байгаа юм. 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан