Барилгын бүх төрлийн материалын үнэ 30-50 хувь нэмэгджээ



Барилга, зам засвар, айл өрхийн хашаа, байшингийн их засварын ажил эхлээд буй энэ өдрүүдэд бараа, материалын үнэ хэр байгааг сонирхлоо. Нийслэлд томоохонд тооцогдох, иргэдийн зорьж үйлчлүүлдэг хэд хэдэн зах бий. Барилгын материалын төвлөрсөн цэг 100 айлын барилгын материалын захад үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар очиход бороотой сэрүүхэн өдөр хэдий ч иргэдийн хөл хөдөлгөөн их харагдана.
Хотын автозамын түгжрэлийн тодорхой хэсгийн гол буруутан гэгддэг 100 айл дахь барилгын материалын дэлгүүр, павильонуудыг нүүлгэх тухай шийдвэр анх 2011 онд гарч байжээ. Гэвч нүүсэнгүй, байрандаа бат бэх суусаар өдгөө арав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй тус газарт том, жижиг нийлсэн 1100 гаруй түрээслэгч, байгууллага, 102 жижиг үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг аж. Өөрөөр хэлбэл, эдгээр дэлгүүр, үйлдвэр 100 айлаас 32-ын тойрог хүртэлх 1.6 километр зам дагуу шахцалдан байрладаг юм. Автомашины зогсоол муу учраас түгжрээнд уураа барах иргэд олон. Зарим нь хоорондоо муудалцан гар зөрүүлж харагдана. Хүмүүс барилгын материал авахаас илүүтэй асууж сураглах нь их байгаа аж. “Энэ шахдаг хөөс хэд вэ. Өмнө нь 5000 төгрөг байсан даа. Их хурдан дуусчих юм. Байшингаа засах гэхээр их л зүйл хэрэг болдог юм байна. 100 айл руу өдрийн хэд явж байна” гэх иргэнтэй таарав.

Угтаа бол өдийд хувь, хувьсгалын засварын ажил ид өрнөж, худалдаа наймаа тасардаггүй байсан. Энэ жил тийм юм алга. “Түрээсийн мөнгөө өгөөд банкны зээлээ төлж чадахтай үгүйтэй” хэмээн өгүүлэх худалдагч олон таарч байлаа. Ингээд бид 100 айлд байрлах барилгын худалдааны лангууны худалдаачин Д.Сумьяасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Оюутан байхаасаа л энд лангуу ажиллуулж байна. Энэ жилийн хувьд барилгын материалын үнэ нэлээд өсөж байна. Тухайлбал, 15 мянган төгрөгөөр худалдаалж байсан бүтээгдэхүүнээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад 45 мянган төгрөгөөр борлуулж байна. Энэ бол бид ашиг олох гээд нэмээд байгаа хэрэг биш. Алдагдалгүй ажиллахын тулд хийж байгаа юм. Хилээр маш цөөн тооны ачааны машин орж ирж байна. Бид өмнө нь бараагаа Эрээн рүү захиалаад их удахдаа 7-10 хоногт энд ирчихсэн байдаг. Гэтэл одоо цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сар гаруйн хугацаанд бараагаа авч чадахгүй байх тохиолдол ч байна. Иргэдийн хувьд байшин барилга барих, засах гээд төлөвлөчихсөн учраас боломжтой хүмүүс нь худалдан авалтаа хийж байгаа. Бараа материалын үнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулах аргагүй л байна” гэв.

Барилгын материалын үнэ өмнөх оны мөн үеийнхээс эрс өсөөд байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгааг худалдагч нар онцолж байсан юм. Барилгын жижиглэнгийн бараа зардаг лангууны худалдагч Л.Ганбат “Хил хаалттай болохоор буруу зөрүү бараа их ирж байна. Үүнээс гадна бараа тээвэрлэлтийн үнэ хоёр дахин нэмэгдсэн. Урьд нь нэг “Портер” ачаа нэг сая 800 мянган төгрөгт ирдэг байсан бол одоо гурван сая 200 мянган төгрөгт ирж байна. Энэ байдлаас үүдэн барилгын материалын үнэ нэмэгдсэн. Иргэдийн зүгээс биднийг үнээ нэмж байна гэж буруутгах хандлагатай байгаа. Гэхдээ бид ашиг орлого олох гэхээсээ илүү алдагдалгүй ажиллахыг хүсэж байна. Зам тээврийн зардал өслөө гээд бид захиалсан бараагаа авахгүй байж чадахгүй шүү дээ. Өссөн үнээр нь ачаа тээврийн хөлсөө төлөөд бараа материалдаа шингээж байж алдагдалгүй ажиллана. Түүнчлэн өмнө нь бараа захиалга 7-10 хоногт ирдэг байсан бол одоо хамгийн хурдандаа нэг сарын дараа ирж байна. Үүнээс болоод үнэ нэмэгдээгүй бараа гэж бараг байхгүй. Жижиглэн худалдааны бараанд ч дор хаяж 500 төгрөг нэмж худалдаалж байгаа” гэж онцлов. Урин дулаан болж байгаа учраас иргэд байр, байшингаа засахаар ханын цаасан дээр дугаарлана. Жил бүрийн өдийд иргэдийн хамгийн их худалдан авалт хийдэг бараа материалын тоонд ханын цаас (обой), гадна болон дотор ханын эмульс, цемент, тааз, төрөл бүрийн будаг, хана, шалны плита, оффисын болон бүргэд хаалга, бусад барилгын материалын жижиг хэрэгсэл багтдаг аж.

ОХУ-аас оруулж ирж обой худалдаалдаг худалдагч эмэгтэй “Сүүлийн үед барилгын материалын үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт орж нэмэгдсэн. Манайх 30-40 төрлийн обой зардаг. Үнийн хувьд 4000- 20000 төгрөгийн хооронд байдаг. Обойныхоо үнийг 2000-5000 төгрөгөөр нэмсэн байна. Энэ жил иргэдийн худалдан авах чадвар тааруухан байна” гэв.

Үргэлжлүүлэн бид худалдан авалт хийхээр ханш сонирхож яваа иргэн Г.Эрдэнчимэгтэй уулзаж санал, сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Энэ жил зуслангийн газартаа байшин барих санаатай материал сонирхож явна. Нэлээд үнэтэй байна. Намар судалж байсантай харьцуулахад юмны үнэ эрс нэмэгджээ. Халаасан дахь хэд маань хаанаа ч хүрэлцэхгүй юм байна. Их багагүй юмны үнэ өсчихжээ. Энэ хэвээр барилгын материал өндөр үнэтэй байвал байшин барих төлөвлөгөөгөө хойшлуулж таарах нь дээ” хэмээв. Мөн нэгэн иргэн барилгын материалын үнэ нэмэгдсэний улмаас байшин барих төсөв нь 50 хувиар өссөн хэмээн онцолж, нэгэнт эхлүүлсэн байшингаа төлөвлөснөөсөө нэлээд өндөр өртөг үнээр барьж байна гэсэн юм.

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ БОРЛУУЛАЛТАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА ГЭВ
Барилгын материалын ид эрэлттэй үе нь яг өдийд тохиож байгаа ч иргэд худалдан авалт хийхээсээ илүү материалын үнэ ханшийг сонирхон судалж, аль болохоор хямд барааг хайж явна. Харин худалдаа эрхлэгчид цар тахлын нөхцөл байдал борлуулалтад маш ихээр нөлөөлж байгааг онцлов.
Иргэдийн хувьд барилгын материалын бараа бүтээгдэхүүний үнэ өссөнийг орон сууцны метр квадратын үнэтэй холбож үзэж байна. Харин энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга тайлбарлахдаа “Орон сууцны үнэ өсөхөд гол нөлөөлсөн хүчин зүйл нь барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн материал болох арматур, эрдэс хөвөн, хөөсөн шахмал хавтан, модон материал, металл хийц эдлэлүүд, хуванцар цонх хаалга, бусад туслах материалын үнэ дэлхийн зах зээл дээр болон дотоодод худалдан борлуулах үнэ огцом өссөн. Зарим бүтээгдэхүүний хомсдол бий болсон, татан авалт, тээврийн үнэ өссөн зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй байна. Жишээлбэл, 2020 онд нэг ам метр барилга угсралтын ажилд ногдох арматурын өртөг 180 мянган төгрөг байсан бол энэ оны үнийн өсөлтөөр 349.2 мянган төгрөг болж өссөн байна. Үүнээс харахад өнгөрсөн онд нэг ам метрийн барилгын төсөвт өртөг 1.358000 төгрөг байсан бол арматурын өсөлтөөс шалтгаалан 1.527.000 төгрөг болж, барилгын нийт төсөвт өртөг 13.5 хувиар буюу барилгын үнэ 169 мянган төгрөгөөр өсөөд байна.

Барилга байгууламж нь хоёроос дээш жилийн үйл явц, олон оролцогч талуудын хамтын ажиллагаа, олон төрлийн хүчин зүйлсээс хамаарч байдаг. Дээр дурдсан үнийн өсөлтийг 2022, 2023 онуудад илүү мэдрэгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар арматурын үнийн өсөлтөөс хамаарч үнэ өсөх нь үндэслэлгүй юм. Харин бусад материалын үнэ, төгрөгийн ханшнаас хамаарч өссөн үзүүлэлт бага хэмжээгээр нөлөөлсөн” гэв. Мөн тэрбээр “Барилга бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай бөгөөд яг барилгын ажлын хувьд газар шорооны болон суурийн ажлуудаа эхлүүлж, материалын татан авалтаа хийх цагаар хөл хорио болон Эрээн-Замын-Үүд хоорондох хил хаагдсанаас шалтгаалан материал тээвэрлэлтийн үнэ огцом өссөн. Мөн өнөөдрийн байдлаар хилээр нэвтэрч буй ачаа тээврийн хэрэгсэл багассаад байна. Жирийн үед нэг талдаа 250 орчим автомашин нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар 100 машин хилээр нэвтэрч байгаа нь барилгын материал татан авалт, үнэ өсөхөд ихээхэн нөлөөлж байна” гэж онцолжээ.

АРМАТУРЫН ҮНИЙГ БУУРУУЛАХ, ТОГТВОРЖУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ГАРЧЭЭ
Түүнчлэн нийслэл хот, орон нутагт барихаар төлөвлөсөн орон сууцны төслүүдэд шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар онцгой анхаарч байна. Гол бараа, материалын нэг болох арматурын дэлхийн зах зээл дэх үнэ хоёр дахин нэмэгдсэн нь бүтээн байгуулалтад бэрхшээл учруулж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас танилцуулжээ. Иймээс арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл болгов. Ажлыг хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажиллахаар болжээ. Монгол Улс 2020 онд 240 мянган тонныг импортоор оруулж, 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур оруулж ирж, 5000 тонныг үйлдвэрлэжээ. Салбарын яамны мэдээллээс үзвэл энэ онд 220 мянган тонн арматурын хэрэгцээ байгаа аж.

Г.Сүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан