Даяаршиж буй технологи


Дэлхийн хүн ам “Технологийн дэвшил, аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилт” зэрэг ойлголтыг өнөө цагт л бүрэн утгаар нь мэдэрч байна. Учир нь хиймэл оюун ухаан нарийвчилсан аргаар хорт хавдрыг оношилж, цаашлаад шатрын аваргуудыг өрөгт нь хожих болсон юм.
Технологи өндөр хөгжихийн хэрээр гэр ахуйн ажлаас авахуулаад байшин, барилга барих зэрэг хүнд ажлыг ч төхөөрөмжийн тусламжтайгаар гүйцэтгэж байна. Энэ хэрээр бүтээмж нэмэгдэж буй. Үүнээс гадна байгалийн гамшиг, тохиолдож болзошгүй эрсдэлийг ч технологийн тусламжтайгаар урьдчилан мэдэж, сэргийлэх арга хэмжээг авч байгаа юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зохион бүтээгчид технологиудын ажиллах механизмыг илүү сайжруулж, овор багатай  боловсронгуй болгож байна. Энэ нь хүмүүсийн амьдралд тохиолддог өдөр тутмын асуудлуудыг илүү хялбар аргаар, үр дүнтэй шийдэхэд туслалцаа үзүүлж байгаа юм. Технологийн боловсруулалт цаашид ч үргэлжилж бидний өдөр тутам тулгардаг асуудлууд илүү хялбар аргаар шийдэгдэх нь гарцаагүй юм. Ингээд нийтлэлдээ хүний хэрэгцээнд нийцсэн, өдөр тутам тохиолддог асуудлуудыг хялбар аргаар шийдэх ямар төхөөрөмжүүд сүүлийн үед бүтээгдэж байгаа талаар өгүүлье. 
“Гүйдэг” гутал худалдаанд гарна
Унадаг дугуй, скүүтэр нь овор хэмжээтэй тул агуулахад хүндрэл учирдаг. Тэгвэл овор бага хэр нь зорьсон газарт хурдан хүргэх нэгэн төхөөрөмжийг “Shiftrobotics” стартап зохион бүтээжээ. Энэ нь гүйлтийн хурдыг алхаж байхдаа гаргах боломжийг олгох роботик төхөөрөмж юм. 
Бүтээлийн нэр Moonwalker бөгөөд уг төхөөрөмжийг сүүлийн таван жилийн хугацаанд хөгжүүлжээ. Компанийн зүгээс хамгийн сүүлийн хувилбараа Kickstarter дээр байршуулан захиалгуудаа амжилттай авсан бөгөөд гуравдугаар сараас эхлэн хүмүүсийн гарт хүрэх аж.
Холыг ойртуулахуй
Амраг хосуудын хувьд хол зайнд байхдаа нэгнийгээ санах, үгүйлэх тохиолдол элбэг. Тэгвэл энэ асуудал одоо байхгүй болох аж. Учир нь алсын зайнд байгаа хосуудад зориулсан ухаалаг үнсэлтийн төхөөрөмжийг зохион бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь хэрэглэгчийн уруулын температур, үнсэлтийн даралт хэв маягийг дуурайж нөгөө талд холбогдсон төхөөрөмжид шууд дамжуулах зарчмаар ажилладаг аж. БНХАУ-ын нийгмийн сүлжээнд “хит” болж буй энэ төхөөрөмж ердөө 41 ам.долларын үнэтэй юм.
Хиймэл оюун ухаан бидний ирээдүй
Хиймэл оюун ухаан сүүлийн 10 жилийн хугацаанд олны анхаарлын төвд байлаа. Цаашид ч анхаарлын төвд байх нь гарцаагүй юм. Учир нь хиймэл оюун ухаан нь хүний нүүр царай, яриа таних, өгөгдсөн мэдээллийг боловсруулж дүгнэлт гаргах чадвартай гэдгээ батлан харуулаад байгаа юм. Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт дуусаагүй байгаа бөгөөд ширүүн өрсөлдөөн дунд ид өрнөж байна. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Google компани Claude нэртэй хиймэл оюун хөгжүүлэгч Anthropic хэмээх гарааны бизнест 300 сая ам.долларын хөрөнгө оруулсан юм. Хамгийн сонирхолтой нь уг компанийг үүсгэн байгуулагчид нь OpenAI-ийн анхны инженерүүд бөгөөд өдгөө ид шуугиан тарьж буй ChatGPT-тэй (хиймэл оюун ухаан) өрсөлдөх AI-ийг бүтээх зорилготой ажээ. Google компани хөрөнгө оруулснаараа уг стартапын 10 хувийг нь эзэмших эрхтэй болсон байна.
NBA-д хэн ч тоглож болно
NBA-ийн шинэ аппликейшн дээр хүссэн тоглогчийн дүрд өөрийгөө байршуулан хувиргаж, талбай тоглож байгаа юм шиг харуулах боломжтой болсныг лигийн комиссар А.Силвер танилцуулсан юм. Тэр хэлэхдээ, Epic Games-ийн RealityScan-ийн тусламжтайгаар тоглогчийн дүрд өөрийгөө хувиргах бөгөөд тоглолтын шууд дамжуулалтын үеэр ч ашиглах боломжтой гэсэн юм. Энэ функцийг хэзээ хэрэглээнд нэвтрүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Удамшлын өвчин өвлөгдөхгүй
Эцэг, эхийн генээр дамжин зүрхний шигдээс, цус багадалт зэрэг олон өвчин хүүхдэд өвлөгддөг. Тэгвэл энэхүү төрөлхийн эмгэгийг эмчлэхээр эрдэмтэд “CRISPR-Cas9” технологи нь бүтээж байгаа юм. Уг төхөөрөмжөөр эцэг, эхийн эмгэг генийг өөрчлөх бөгөөд амжилттай болбол удамшлын өвчин ирээдүйд өвлөгдөхгүй болох гэнэ. Өнөөдрийн байдлаар тус төхөөрөмжийг сайжруулж байгаа бөгөөд 2020 онд Нобелийн шагнал авчээ.
Жолооны хүрдгүй автомашин замын хөдөлгөөнд оролцоно
 Хиймэл оюун ухаан нь автомашиныг жолоодох чадвартай гэдгээ батлан харуулаад байна. Тэгвэл зөвхөн хиймэл оюун ухаанд зориулсан автомашин бүтээгээд байгаа юм. Хүн жолоодох боломжгүй бөгөөд жолооны хүрд, хааз, педалгүй бүтээгдсэн байна. Өмнө нь хүн, хиймэл оюун ухаан хоёр хоёулаа жолоодох тохиргоотой автомашин бүтээж байсан бол зөвхөн хиймэл оюун ухаан жолоодохоор автомашин зохион бүтээсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм. Уг автомашиныг Amazon-ийн эзэмшдэг Zoox автомашин үйлдвэрлэгч бүтээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд туршилтаар явах зөвшөөрөл аваад байгаа аж. “Талх шарагчны хэлбэртэй” жижигхэн автомашин нь туршилтаа амжилттай давбал Калифорни мужид зөвхөн амралтын өдрөөр хүргэлт хийх гэнэ.
Хүсээгүй жирэмслэлт буурч болзошгүй
Жирэмслэлтээс сэргийлэх эм зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан байдаг. Харин одоо эрэгтэйчүүдэд зориулсан эм бий болж байгаа юм. Тодруулбал, Корнеллийн их сургуулийн судлаачид тодорхой хугацаанд эр бэлгийн эсийг дарангуйлж, идэвхгүй болгодог эм гарган авахаар ажиллаж байгаа аж. Тэдгээр эрдэмтэд туршилтын эмийн бэлдмэлийг хулгана дээр амжилттай туршсан бөгөөд хүн дээр туршиж үзэх үлдсэн юм. Амжилттай болбол хүсээгүй жирэмслэлтийн тоо буурах ажээ.
2.3 секундийн дотор танаас тасрах хурдан хүлэг
Автомашин үйлдвэрлэгчдийн нэн тэргүүний зорилго нь зорчигчийн тав дух, аюулгүй байдал, загвар дизайнаас гадна богино хугацаанд өндөр хурд авч чадах автомашин үйлдвэрлэх явдал юм. Тэр ч утгаараа өндөр хурд авч чаддаг автомашиныг цөөн тоогоор үйлдвэрлэж дуудлага худалдаагаар худалдаалдаг байна. Тэгвэл Bugatti автомашин үйлдвэрлэгч нь 100 км/цагийн хурдыг ердөө 2.3 секундэд авч чаддаг цахилгаан хөдөлгүүртэй Chiron Profilee загварын машинаа дуудлага худалдаагаар худалдаалсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн өндөр үнэ болох 10.7 сая ам.долларын үнээр зарагдсан байна. Зохион бүтээгчид тус автомашиныг 4.5-6 сая ам.доллар хүрнэ гэж тооцоолж байсан бөгөөд төсөөллийг хэт дахин давж чадсан томоохон үзүүлэлт болжээ. 
 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан